Б.Нарантуяа: Бүрэн эрхийн хугацаанд хүний хөгжлийн асуудалд онцгой анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-16 14:24:06

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяатай уулзаж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажил хийгээд анхаарах гол гол асуудлуудын талаар товч хөөрөлдлөө.


-Аймгийн ИТХ-ын даргын хувьд баримталж ажиллах гол зарчим тань юу вэ? Аймгийн тухайд хамгийн анхаарал татсан голлох асуудлууд?

ймгийн ИТХ-аас энэ бүрэн эрхийн хугацаанд хүний хөгжлийн асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөж байна. Хүний хөгжилд анхаарна гэхээр мэдээж маш өргөн хүрээний олон салбарын бодлого хөндөгдөнө. Тэр бүх бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хүний хөгжлийг хангахад бодитоор чиглүүлэх шаардлагатай байна. Төр засгаас хэрэгжүүлж байгаа аливаа бодлого шийдвэр, үйл ажиллагаа нь эргээд харахаар зарим талаар зөвхөн иргэдийн амьдрах тав тухтай аюулгүй орчныг бүрдүүлэх, тэдэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, ажлын байр нэмэгдүүлэх, халамжийн бодлогоор дэмжих гэх мэт чиглэлүүдийг түлхүү анхаарч яг хүн ам, иргэдээ хувь хүний хувьд хөгжиж амьдралаа авч явах чадвар боломж бололцоо, оролцоог хэр хангасан бэ гэдэг асуудал учир дутагдалтай байгаа нь олон зүйл дээр харагдаж байна. Хувь хүний хөгжил тухайн нутаг орны хөгжлийг хангахад чухал суурь болж, цаашдаа улс орны хөгжил дэвшилд маш үр өгөөжтэй гэдгийг гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын олон жишээнээс бид харж болно.

Иймд аймгийн ИТХ-аас нутаг орноо удирдах үйл хэрэгт иргэдийн оролцох оролцоог сайжруулах, иргэдийн эрх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс иргэдтэй хамгийн ойр ажиллах ёстой аймаг, сумын ИТХ, Багийн иргэдийн нийтийн Хурлын байгууллагыг иргэдийнхээ эрх ашгийг бодитоор хангасан тэдний өдөр тутмын амьдралд нь үр өгөөжөө өгдөг байгууллага болгон чадавхжуулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэж төлөвлөж байна. Ингэснээр иргэдээс гарсан бүтээлч санал хүсэлтүүд аймаг, сум, багийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд бодитоор тусаж хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл БИНХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байгаа асуудал сум, аймгийн ИТХ, Засаг даргын бодлого шийдвэртэй хэрхэн яаж уялдах вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллана гэсэн үг.

Үүнтэй уялдан бидний анхаарч ажиллах дараагийн нэг гол асуудал бол сонгогч иргэдийн эрх зүйн боловсрол мэдлэг чадварыг дээшлүүлэх асуудал байгаа юм.

Ард иргэд маань хууль тогтоомжоор олгогдсон эрхээ мэдэж, үүргээ ухамсарласан бүрэн дүүрэн хэрэгжүүлэх мэдлэг чадвартай болох нь хүний хөгжлийн бас нэг гол үзүүлэлт болж байдаг. Энэ ажлын хүрээнд иргэдийн төр засагтай харилцахад шаардагдах өдөр тутмын түгээмэл хэрэглэгддэг хууль тогтоомж, журам шийдвэрийг зөв таниулан сурталчлах, хууль эрх зүйн болон бусад шаардлагатай мэдээ мэдээллээр хангахад чиглэгдсэн төрөл бүрийн сургалт, зөвлөгөөг шат дараатай системтэйгээр олгох ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай зохион байгуулан ажиллах болно.

Мөн аймгийн ИТХ-аас хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийн дагуу Засгийн газ­рын болон аймгийн Засаг дар­гын ши­нэ бүрэн эрхийн үйл ажил­ла­гаа­ны хөтөлбөрийг аймаг орон ну­тагт хэрэгжүүлэхэд Хур­лын бод­л­ого шийдвэр, үйл ажил­ла­гаа­гаар дэмжлэг үзүүлж ажил­лахын зэрэгцээ аймгийн хэм­жээнд нутгийн өөрөө удирдах бай­­гуул­­лагын үйл ажиллагааг ча­давх­жуулах, төр иргэний гүүр болон шийдвэр гаргах түвшинд ард иргэдийн оролцоог хангаж, ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиг­­лэгд­сэн бодлогын томоохон зо­рил­туудыг тавин ажиллах болно.

Түүнчлэн Сэлэнгэ аймагт улс, аймаг, сум орон нутгийн төсвөөр хийж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын чанар, гүйцэтгэл, үр нөлөөг сайжруулахад анхаарлаа хандуулж ажиллах болно. Аймаг, сумын ИТХ нь хууль тогтоомжоор тухайн орон нутгийн өмчийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд аймаг орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын эцсийн хэрэглэгч болох ард иргэдийг төлөөлж байгаагийн хувьд хөрөнгө оруулалтын ажлуудыг иргэдийн хүсэлт шаардлага, хэрэгцээнд нийцсэн чанартай гүйцэтгүүлэн ашиглалтад оруулахад Хурлын хяналт шалгалтын ажлыг чиглүүлнэ. Энэ мэтчилэн цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон чухал бодлого зорилтууд бий.

-Тухайлбал энэ онд хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа томоохон ажлаасаа дурдвал?

-Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг бий болгосон түүхэн үйл явдал болох Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Сэлэнгийнхний хувьд Ардын хувьсгалын өлгий нутаг, ахмад партизан цэргүүдийн үр хойч голомт гэдгээрээ энэхүү ойдоо өндөр ач холбогдол өгч байгаа. Мөн аймгийн маань үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн аймаг, сумын ИТХ, Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаанд буюу 2021 онд тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой бол аймгийн удирдлагын багийг бүрдүүлж буй бидний хувьд нэг талдаа их аз завшаантай хувь тохиол боловч нөгөө талаар энэхүү түүхэн ойг өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх маш өндөр хариуцлага ирж байна гэж миний хувьд үзэж байна. Дээрх ойн үйл ажиллагааг бид баяр ёслол төдийхнөөр ёсчлон тэмдэглэхээсээ илүүтэй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг түлхүү хийж, олон шинэлэг ажлыг зохион байгуулж ажиллах шаардлагатай. Ялангуяа, хүүхэд залуусдаа эх орон, нутаг ус, эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг гүн гүнзгий ойлгуулсан, өнгөрсөн үеийнхээ хөдөлмөр зүтгэлийг хүндэлсэн, бахархсан ухамсар сэтгэлгээнд чиглэсэн үйл ажиллагаануудыг түлхүү зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

相关新闻