Аймгийн аваргуудын шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-11 10:47:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэж, ололт амжилтаараа бусдыгаа хошуучлан шилдгээр тодорсон 2020 оны салбарын аваргуудын шагналыг өнөөдөр гардуулан өглөө. Энэ удаагийн аваргууд дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндхэн цаг үеийг даван туулж, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, хийсэн бүтээснээрээ ялгаран гарч ирсэн алдартнууд билээ. Шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн гэр бүлийн гишүүд болох ээж, охин хоёр аймагтаа аваргалсан ховор хувь тавилангийн эзэд болсон нь онцлог байлаа.

Сэлэнгэ аймгийн тухайд коронавирусний халдварын бүртгэгдсэн тохиолдол бүгд бүрэн эдгэрч, ногоон бүс болсон ч халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор Сүхбаатар суманд байгаа хүмүүсийн шагналыг гардуулан өглөө. Бусад сумдаас тодорсон аймгийн аваргуудын шагналыг суманд нь гардуулан өгөх аж..

Тодруулбал:

-Аймгийн “Тэргүүний хамт олон”-оор Н.Эрдэнэбат даргатай аймгийн “Зооноз өвчин судлалын төв”, Ю.Ариунболд даргатай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба,

-Боловсролын салбарын аварга ажилтнаар Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн бага ангийн багш Ц.Сэлэнгэ,

-Эрүүл мэндийн салбарын аварга ажилтнаар Аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга П.Сэлэнгэ, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгаа, яаралтай тусламж, мэдээгүйжүүлэлтийн сувилагч Н.Дашмаа,

-Биеийн тамир, спортын салбарын аварга ажилтнаар Аймгийн БТСГ-ын чөлөөт бөхийн дасгалжуулагч Г.Амархүү,

Хууль хяналтын салбарын аварга ажилтнаар Аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Эрдэнэбаатар, Аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн А.Бат-Эрдэнэ,

-Худалдаа үйлчилгээний салбарын аваргаар Сүхбаатар сумын “Монголжин” зоогийн газрын менежер Д.Соёлмаа,

Дэд бүтцийн салбарын аваргаар “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ийн зуухны гагнуурчин Д.Энхбаясгалан,

“Тэргүүний сурагч”-аар Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Амина нар шалгарч шагналаа хүлээн авлаа.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас бусад аваргуудын шагналыг бүгдэд нь зэрэг хүлээлгэн өгөх боломж энэ удаа бүрдсэнгүй. 

相关新闻