Бусдын бичиг баримт ашиглан Сэлэнгэд ирсэн иргэнийг ХӨСҮТ рүү шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-10 13:05:03

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. УОК-оос нийслэл хотод хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Онцгой комиссоос харьяат иргэдээ Улаанбаатар хотоос татан авах ажлыг зохион байгуулж байгаа.

Өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хоёр автобусаар иргэдээ татсан байна. Гэтэл нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ.

Нийслэлээс ирж байгаа иргэд PCR шинжилгээ өгөөд ирж байгаа ч Сүхбаатар сумын төвийн Спортын ордонд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авч байгаа. Энэ явцад иргэн А-ийн хариу эерэг гарсан байна. Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд PCR шинжилгээ өгчихөөд хариугаа авалгүйгээр найз болох иргэн Э-гийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан аж. Тодруулбал нийслэлд өгсөн шинжилгээний хариу нь халдвартай гарсан байна. Ийм нөхцөлд хариугаа авалгүйгээр орон нутагт ирсэн хариуцлагагүй үйлдэл гаргажээ. Сэлэнгэ аймгийн ОК-оос шийдвэр гарган тус иргэнийг Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү яаралтай буцаасан байна. Тухайн иргэнтэй 37 хүн нэг автобусанд сууж ирснээс 15 зорчигч нь замдаа өөр, өөр газар буусныг олж сумдад нь тусгаарлаад байна.

Сүхбаатар суманд ирсэн иргэдийг Халдвартын тасаг болон "Сэлэнгэ" зочид буудалд тусгаарлажээ. Хоёр автобусны зорчигчид хоорондоо огт холилдоогүй зөрж таарсан ч нөгөө автобусны зорчигчдыг гэрт нь тусгаарлаж байгаа гэв. Нэг иргэний ухамсаргүй үйлдлээс болж олон иргэн тусгаарлалтад орж, бухимдал үүсээд байгаа аж.

相关新闻