Онцгой комиссын гишүүдийн ажил хэргийн уулзалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ, Дархан-Уул
аймгийн Онцгой комиссын гишүүдийн ажил хэргийн хамтарсан уулзалт Дархан-Уул
аймагт боллоо. Энэ сарын 4-ний өдөр болсон эл уулзалтад Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч
Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан аймгийн Онцгой комиссын гишүүд оролцоод
иржээ. Энэхүү уулзалтын
хүрээнд хоёр аймгийн иргэдийн зорчих хөдөлгөөний асуудал дээр тодорхой шийдэлд хүрсэн
аж.
Уулзалтын үр дүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэд түргэвчилсэн оношлуураар, бусад 15 сум, Дархан-Уул аймгийн дөрвөн сум хооронд хоёр талаас зорчих иргэд асуумжаар, тээврийн хэрэгсэл сумын Онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрэхээр тохиролцжээ. Мөн хоёр талын мэдээллийг харилцан шуурхай солилцож байхаар болсон байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн иргэд аймагтаа авч чадахгүй байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээг Дархан-Уул аймгаас авах зэрэг асуудлууд дээр ч тохиролцсон байна. Уулзалтын хүрээнд төлөөллүүд Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн үйл явцтай газар дээр нь танилцсан аж. Цаашид хоёр аймаг хяналт шалгалтын цэгүүд болон халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх асуудлууд дээр харилцан хамтарч ажиллах талаар ч ярилцжээ. Уулзалтын хүрээнд иргэдийн зорчих хөдөлгөөн 2-р сарын 10-ны өдрийг дуустал үргэлжлэх аж.
Ташрамд дуулгахад, Дархан-Уул аймаг зөвхөн иргэдийн зорчих хөдөлгөөнийг 00.00-08.00 цагийн хооронд авдаггүй юм байна.