Хүлэмжийн хийн ялгарлыг 2024 онд 12,3 хувиар багасгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-02-01 15:02:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны тооцоолсноор 2024 онд хүлэмжийн хийн ялгарлыг 12,3 хувиар багасгахын тулд 9,2 сая тн нүүрсхүчлийн хийд тэнцэх хэмжээний хүлэмжийн хийг бууруулах шаардлагатай гэжээ.


Хүлэмжийн хийн ялгарлыг багасгахын тулд салхин болон усан цахилгаан станцыг олшруулж, барилгын дулааны алдагдал багасгах, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, автомашинд чанартай шатахуун хэрэглэх, малын тоо толгойг цөөлөх, бэлчээрийн менежментийг сайжруулна. Мөн хүлэмжийн хийг шингээгч буюу ойн талбайг нэмснээр Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хүлэмжийн хийн ялгарлыг 12,3 хувиар багасгах зорилтыг хэрэгжүүлнэ гэж БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат ярив.


Энэ нь Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах Парисын хэлэлцээрт нэгдсэнээр хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2010 оны суурь түвшнээс 22,7 хувиар бууруулах зорилтын хүрээнд хийх ажил юм. Парисын хэлэлцээрт нэгдсэн улс орнууд 2050 он гэхэд дэлхийн дулаарлыг 1,5 градусаас хэтрүүлэхгүй байх зорилт дэвшүүлжээ.


Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын 50,1 хувийг эрчим хүчний салбар, 49 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар, багахан хувийг аж үйлдвэр, хог хаягдал, барилгын салбар эзэлдгийг хүлэмжийн хийн ялгарлын тооллого судалгаагаар гаргажээ.


Монгол Улсын ирээдүйн хөгжил нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэрэгжүүлэх бодлоготой салшгүй уялдаатай. Иймд нүүрстөрөгч бага, хүртээмжтэй, ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жишээ нь, уур амьсгалын өөрчлөлтийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага бий. Одоогоор эрх зүйн орчны дүн шинжилгээ хийж байна.


Бид эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрс шатаах технологи ашигладаг. Эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 20-30 хувийг ногоон болгох ёстой. Засгийн газар ойрын хугацаанд хэд хэдэн усан цахилгаан станц барихаар шийдсэн нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит алхам юм. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох чиглэлд төр, хувийн хэвшлийн түншлэл, ногоон хөгжлийг дэмжсэн ажил чухал”-ыг А.Энхбат хэллээ.


БОАЖЯ, НҮБ-ын Уур амьсгалын конвенцын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан хүлэмжийн хий бууруулахад хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлжээ

相关新闻