Өмнөговь аймагт түргэвчилсэн оношлуур, хамгаалах хэрэгслийн нөөц шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар болон холбогдох албаны хүмүүсийн хамт 21 аймгийн удирдлага, Онцгой комисстой өнөөдөр цахим хурал хийх үеэр Өмнөговь аймагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаар болсон байна.
Тус хуралдаанаар Засаг дарга Р.Сэддорж "Цогт-Овоо сумын постоор хоногт 200 гаруй тээврийн хэрэгсэл, 300 гаруй иргэн орж ирж байгаа нь эрсдэлийг ихэсгэж байна. Мөн маршрутын бус замаар иргэд орж ирсээр байгаа. Цагаанхадны хяналтыг гүйцэтгэхэд дотоодын цэргийн хүчийг татан авах хүсэлтэй байна. Эрүүл мэндийн байгууллагын нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, түргэвчилсэн оношлуурын нөөц дуусаж байгаа. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод PCR шинжилгээний аппарат байрлуулах шаардлагатай. Эрүүл мэндийн байгууллагуудад зөөврийн рентген аппарат, амьсгалын замын аппарат, ариутгалын автоклав зэрэг тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх зэрэг асуудлыг анхаарахыг хүсье" гэлээ.
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ "Өмнөговь аймгийг тусгайлан авч үзэх ёстой. Нүүрс, зэсийн экспортыг хэвийн явуулах учиртай. Ер нь боомт бүхий аймгуудыг бусад аймгаас өөр түвшинд авч үзэх хэрэгтэй" гэсэн юм.