Модноос хаягдал гардаггүй гэдгийг “Бугант нандин” компанийнхан харуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Модноос хаягдал гаргахгүйгээр 100 хувь ашиглан эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үндэсний үйлдвэрлэлийг “Бугант нандин” ХХК-ийн хамт олон эрхэлж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл
ажиллагаагаа явуулж байгаа тус компанийн хамт олон үндэсний үйлдвэрлэлийг
хөгжүүлж, энгийн
болон сийлбэртэй гэр, гэрийн
тавилга, буйдан болон бүх төрлийн модон тавилгыг захиалгаар
хийдэг ажээ.
“Бугант нандин” ХХК-ийн захирал С.Батсүх гарын ур дүй сайтай, уйгагүй хөдөлмөрч гэдгээрээ нутаг усандаа алдартай нэгэн аж. Анх гэрээрээ сандал, ширээ хийх зэргээр үйлдвэрлэлээ эхлүүлж байсан байна. Байнга шинийг эрэлхийлж, санаачилж явдаг тэрээр цаашид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ хийц, чанарыг сайжруулж, улам өргөжүүлэхээр ажилласан нь талаар болоогүй гэв. Бүтээгдэхүүний нэр төрлөө жил бүр нэмэгдүүлэн үйлдвэрлэлээ өргөтгөж чадсанаар тус компанийхан жилд дунджаар энгийн гэрийн мод 100 гаруйг, сийлбэртэй том жижиг иж бүрэн гэр 10 гаруйг иж бүрэн тавилгын хамт хийдэг болжээ. Мөн үүний зэрэгцээ буйдангийн цех байгуулж, 20 гаруй загварын 500-гаад буйдан хийж байгаа гэнэ.
Бугант тосгоны хувьд Сэлэнгэ аймгийн ойн модны 70 орчим хувь нь буюу бүх төрлийн мод ургадаг гэдгээрээ онцлог давуу бүс нутаг. Энэхүү давуу чанараа ашиглан тус тосгоны иргэд амьдрал ахуйгаа авч явах боломж нээлттэй байдаг байна. Тус компанийн захирал С.Батсүх: “Бид энэхүү ойн баялаг модоо зөв зүйтэй, ариг гамтай хэрэглэхийг гол зорилгоо болгодог. Энэ ч утгаар нэг ч хаягдал мод гаргахгүй ажиллахыг эрхэмлэдэг. Иймээс хаягдал модоороо аяга, халбага, түмпэн, шанага гээд бүхий л зүйлийг хийхийг хичээж байна. Ядаж л шүдний чигчлүүр модоо гаднаас авмааргүй байна шүү дээ” хэмээн ярилаа. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа эдний бүтээгдэхүүн хэдийнэ олонд танигдаж, томоохон үйлдвэрлэгч болж чаджээ. Зах зээлд нийлүүлж буй модон эдлэлүүд чанар, загвар сайтай, харьцангуй хямд учраас эх орны өнцөг булан бүрээс захиалга ирсээр байдаг байна. Мөн тэрээр зөв хөдөлмөрлөж чадвал модны хишгээр тосгоны 3000 гаруй иргэн ажиллаж, амьдрах боломж бүрэн бий гэв. Эднийх сийлбэрчин, оёдолчин, эсгүүрчин гээд ажлын байруудтай, эдгээр иргэд бүгд давхар мэргэжил эзэмшиж, нэгийгээ эзгүйд нөхөөд ажиллах чадвартай болжээ. Шинэ ондоо 120 ажлын байр шинээр гаргахаар үйлдвэрлэлээ өргөжүүлээд, техник тоног төхөөрөмжөө бэлэн болгоод байгаа аж.









