Г.Адьяа: Ажилчны үндсэн ээлжийн амралтыг 20 хоног байхаар төсөлд тусгасан
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Энэхүү хуульд ямар шинэчлэл хийхийг зорьсон бэ?
Өнөөдөр мөрдөгдөж байгаа 1999 оны хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтлалаас дордуулахгүйгээр шинэчлэх. Орчин үед хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд илэрч байгаа шинэ хандлагыг хуульд тусгах. Тухайлбал, албан бус салбарт ажиллагсад, гэрийн ажилтан, туслах малчин, түүнтэй адилтгах ажил мэргэжлийн хүмүүс, мөн гэрээсээ цахимаар ажилладаг зэрэг олон хэв шинжийн хөдөлмөрийн харилцааг бүрэн хамруулан шинэчлэл хийхийг зорьсон.
Хөдөлмөрийн тухай хуулийг Монгол Улсын Засгийн газар 2018 оны 3 дугаар сарын 26-нд УИХ-д өргөн бариад багагүй хугацаа өнгөрлөө. Цаг үеийн давагдашгүй хүчин зүйл, нийгмээрээ зөвшилцөх ажилд цаг хугацаа шаардлагатай байсныг энэ хугацаа илэрхийлж байгаа болов уу. Энэ хууль нь гурав дахь парламентаар дамжиж, УИХ-аар хэлэлцэх түвшинд хүрээд байгаа нь энэ.
Хуулийн
төслийн хэлэлцүүлэг ямар шатандаа явж байгаа вэ?
Монгол Улсын Засгийн Газар, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл үндсэндээ сүүлийн хоёр жил энэ хуулийн талаар олон талын зөвшилцөл хийсэн. Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэгт орж ажиллалаа. Тэнд олон янзын санал гарсан. Монголын үйлдвэрчний эвлэл болон Ажил олгогч эздийн холбоо үргэлж санал нийлээд байдаг байгууллагууд биш. Зөрчилдөөнтэй асуудал их байдаг. Өнөөдрийг хүртэл энэ гурван талын зөвшилцөл үргэлжилсэн хэвээрээ л байна.
Ер нь, одоо нэг зүйлийг ойлгох хэрэгтэй болов уу. Ардчилсан нийгэм бол чөлөөт сонголттой нийгэм. Хөдөлмөрийн үзэл харилцаанд чөлөөт харилцаа хэрэгжих ёстой. Ялангуяа ажил олгогч, ажилтны хамтын гэрээ хэлэлцээрээр шийддэг асуудал хүссэн хүсээгүй дэлхий дахинд өргөжих хандлага хэрэгжиж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд маш том техникийн зөвлөмж өгсөн. Энэ зөвлөмжийг Монголын нийгмийн түншлэлийн гурван талт удирдлагууд сүүлийн хоёр сарын хугацаанд авч хэрэгжүүлж, хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан.
Ардчилсан нам гурван хоногийн завсарлагыг өнгөрсөн долоо хоногт авсан байгаа. Энэ долоо хоногт хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хийх гэж байна. Үйлдвэрчний эвлэл ажил олгогчдын нэгдмэл байр суурь бол хөдөлмөрийн хөлсний шинэчилсэн төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооноос дэмжсэн чиглэлээр УИХ дэмжиж батлаасай гэсэн байр суурьтай байна. Мэдээжийн хэрэг нэгдсэн шийдвэрийг УИХ-ын Нэгдсэн чуулган, гишүүдийнхээ олонхын саналаар батална гэдэг нь ойлгомжтой.
Хөдөлмөрийн хууль бол маш том хууль. Нийт 13 бүлэг, 166 зүйлтэй ийм хуулийн төсөл.
Танай байгууллагаас энэ хуулийн ямар заалтыг дэмжиж байгаа вэ?
Өнөөдөр Монголд Үндэстэн дамнасан компани, үндэсний уул уурхайн олборлох компаниуд нэлээд өргөжиж байна. Экспортод гаргаж байгаа нийт бүтээгдэхүүний томоохон хэсгийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Хуулийн шинэчлэлийн хүрээнд олны анхаарлыг татаж байгаа асуудал бол уул уурхайн салбарт ажиллаж байгаа уртын ээлжийн ажилчны асуудал. Өөрөөр хэлбэл, олны хэлж заншснаар “жасаа” нарын хөдөлмөрийн асуудал юм.
1999 оны Хөдөлмөрийн хуульд "жасаа" нарын ээлжийг зохион байгуулах зохицуулалт байдаггүй. Тиймээс энэ уул уурхайн компанид уртын ээлжээр ажиллах ажилтны ажиллах, амрах хугацааны тухай асуудал нийгэмд талцал үүсгэж байна. МҮЭ-ийн холбоо уул уурхайн салбарын ажилтны саналыг харгалзаж, уул уурхайн уртын ээлжээр ажиллах нэг удаагийн хугацааг уурхай дээрээ 14 хоногоос ихгүй, сард ажиллах амралтын хугацаа нь 14 хоногоос багагүй байна гэдэг заалтыг хатуу хуульчлахын төлөө байгаа.
Уурхайчдын ажил, амьдралаа зохицуулах, эрүүл саруул ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 14 хоногоос ихгүй хугацаагаар ажиллаад, 14 хоногоос багагүй хугацаагаар гэртээ амрах байдлаар зохицуулалт хийхийг дэмжиж байгаа. Энэ асуудлын нэгдсэн хариуг УИХ-ын чуулган гаргана. Гэхдээ уурхайчдын санал бодлыг түлхүү анхаарах байх гэж хүлээж байна. Монгол ажилчдыг илүү цагаар ажиллуулах гэсэн гадаадын үндэстэн дамнасан компанийн саналыг төр дэмжихгүй байх аа.
Энэ
хуулиар ажилчдын үндсэн амралтын хугацааг хэрхэн зохицуулж байгаа вэ?
Ээлжийн амралтын хугацаанд 1999 онд мөрдөж байсан хуучин хуулиас бага зэрэг өөрчлөлт орсон. Тэгэхдээ онцлог талтай өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, ээлжийн амралтын үндсэн хугацааг одоогийн мөрдөж байгаа хуулиар шинэ ажилтан, хуучин ажилтанд ялгаагүй 15 хоногийн хугацаанд амрах эрхтэй байсан. Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлээр үүнийг 20 хоног болгож өөрчлөхөөр тусгасан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, насанд хүрээгүй ажилтны хувьд үндсэн ээлжийн амралтын хугацааг 25 хоног байхаар тусгасан. Үндсэн ээлжийн амралтын хугацааг нэмэгдүүлэх талаар МҮЭ-ийн байгууллага, ажил олгогчийн байгууллагатай хамтын гэрээ, салбарын хэлэлцээрээр гүйцэтгэж байгаа ажлын хэлэлцээрээр нэмэгдүүлэн тогтоох эрхийг өгч байна.
Энэ бол гэрээ хэлэлцээрээр хөдөлмөрийн үндсэн нөхцөлийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд олон улсын хөдөлмөрийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг нийгмийн түншүүд авч байгаа хэрэг юм. Гэхдээ хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг нийгмийн бодлогын байнгын хуралдаанаар хэлэлцүүлэх явц, энэ хуулийн хуучин зохицуулалтыг хэвээр үлдээе гэсэн санал явж байгаа. Өөрөөр хэлбэл, хуучин үндсэн амралтын хугацааг бүх ажилтанд 15 хоног байсныг нэмэгдэл амралтыг 11 хоногийн хугацаанд ажилласан жилээс хамааруулан нэмэгдүүлэхийг хатуу заачихсан зохицуулалт байсан.
Одоогийн
байдлаар нийгмийн бодлогын байнгын хороонд хураалгасан саналаар бол түрүүчийн
үндсэн амралтын хугацааг нийт ажилтныг 20 хоног болгон нэмэгдүүлж, хөдөлмөрийн
зохих хэвийн бус ажиллагсдын зонхилох хөтөлбөрийг нь нэмэгдүүлж тогтоогоод 25
хоногоор, тэрнээс бусад хэсгийг хамтын гэрээ хэлэлцээгээр шийднэ гэдэг энэ
зохицуулалтын найруулга олонхын санал авсан. Гэхдээ УИХ-ын чуулганаар
шинэчилсэн найруулгыг дэмжих үү, хөдөлмөрийн хуулийн одоогийн зохицуулалтыг
ээлжийн амралтын хугацаанд шийдэх үү гэдэг бүрэн шийдэгдээгүй байна.
Хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг шинэчилсэн найруулгын хуульд хэрхэн тусгасан бэ?
Хуулийн гол үзэл санааны нэг бол хөдөлмөрийн мөлжлөгийг гаргахгүй байх талаар үзэл баримтлалын шинэчлэл хийгдэж байгаа гэж хэлж болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоогийн хөдөлмөрийн хуульд зааснаар тусгайлсан хуулиар зохицуулдаг. Яг энэ хуулиар зохицуулж байна гэдэг шинэчилсэн найруулгадаа оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчилнэ.
Үндэсний хэмжээнд тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг, яг өнөөдрийн байдлаар 2021 оныг дуустал 420 мянган төгрөгөөр тогтоосон. Энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх хоёр жилд ямар байх вэ гэдгийг үндэсний гурван талт зөвшилцлөөр шинээр шийднэ. Энэ зохицуулалт хэвээр орсон. Салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, үндэсний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёр жилээр тогтоогдох ёстой.
Тухайлбал, өнөөдөр уул уурхайн салбарт ажиллагсдын
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 840 мянган төгрөг байгаа. Энэ 840 төгрөг бол
ямар ч мэргэжилгүй, ажилтанд олгох хамгийн доод хэмжээ. Өөрөөр хэлбэл, уурхайчин
хүн ямар ч ажлыг хийж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 840 мянган төгрөг
байхаар хууль мөрдөгдөж байгаа. Гэтэл үндэсний хэмжээний доод хэмжээний цалин
420 мянган төгрөг. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүний хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлнэ гэж тогтоочихсон байдаг.