"Би гэртээ" дугуйланд 90 орчим хүнийг хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Би гэртээ" дугуйлангаар хуучин, хаягдал эд зүйлээ сэргээх, чимэглэх урлал, сагс сүлжих сургалт явууллаа.
Энэ удаагийн сургалтад аймгийн ГБХЗХГ-ын хамт олон хамрагдаж, хаягдал сониноор сагс сүлжих, гэртээ хуучирсан эд зүйлсийг шинэчлэн загвар дизайнтай болгох гэх мэт зүйлсийг сурсан байна. "Би гэртээ" дугуйлангаар дамжуулан ийнхүү найм дахь удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 90 орчим хүнийг хамруулжээ. Цаашдаа уг сургалт үргэлжлэх юм. Уншсан сониноо хаях бус дахин ашиглах, гэртээ буй хуучирсан эд зүйлсээ дахин гоёж гэртээ сувинер урлах нь минимал амьдралын хэв маяг аж. Үүнийг эко урлаг гэдэг бөгөөд гэртээ шинэ өнгө төрх бий болгох, хэрэглээд дууссан гоо сайхны бүтээгдэхүүний сав, хүнсний бүтээгдэхүүний хаягдал шилэн болон хуванцар савыг будаж гэртээ чимэглэл хийх боломжийг бүсгүйчүүдэд зааж, хаягдал гаргахгүй амьдарч болохыг уриалж байгаа аж.