Сүхбаатар суманд эрсдэл өндөр байгааг дахин анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-15 16:43:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ аймагт коронавирусний халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Гэвч иргэд хэт тайвширч, халдвар бүрмөсөн алга болсон мэтээр хандаж, дэглэм журам баримтлахгүй байх явдал ажиглагдаж байгаа аж. Иймээс аймгийн Онцгой комиссын зүгээс Сүхбаатар суманд эрсдэл өндөр байгаа гэдгийг маш сайн ухамсарлаж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө, өрөөл бусдыг хамгаалж, сонор сэрэмжээ өндөржүүлэхийг дахин дахин анхааруулсаар байна.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид хийсэн 202 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн аймгийн “Ахмадын сувилал”-д дараагийн шатанд шилжсэн долоон иргэн байгаа бөгөөд зургаан иргэний ажиглалтын хугацаа дуусч, гэрийн ажиглалтад шилжжээ. Аймгийн хэмжээнд хоёр ажиглалтын байранд 18 иргэн байгаа аж.

Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу 215 тээврийн хэрэгслээр 473 иргэн, орох чиглэлд 177 тээврийн хэрэгсэлтэй 366 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүлсэн байна. Мөн энэ өдрүүдэд Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэрэгний 674 вагоныг шалган нэвтрүүлжээ.

Түүнчлэн аймгийн хэмжээнд хадваргүйжүүлэлтийн ажлыг тасралтгүй, тогтмол хийж байна.

Өнөөдрийн байдлаар 67 цэг байршлын 13722 м2 талбайд урьдчилан сэргийлэх, 4 цэг байршлын 1673 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийжээ. 

相关新闻