Сэлэнгэ аймагт 11 аймгийн 37000 толгой мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-08 17:26:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020-2021 оны өвөл, хавар 1.7 сая толгой мал өвөлжиж байна. Эдгээр нь 4856 малчин, 4670 мал бүхий өрх, 63 аж ахуйн нэгжид бүртгэлтэй мал юм. Харин тус аймгийн улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас бүхий газарт 52.7 мянган толгой мал өвөлжиж байгаа ажээ.  

Сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бизнесийн зориулалтаар хадлан бэлтгэдэг иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан бүрдүүлэх ажлыг сумдад зохион байгуулсан байна. Ингэснээр сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 75 хувьтай байгаа аж. Аймгийн хэмжээнд малчдын түвшинд 191.5 мянган тн байгалийн хадлан, 40.8 мянган тн хүчит тэжээл, 10.2 мянган тн эрдэс тэжээл бэлтгэхээс 167.3 мянган тн өвс, 7.2 мянган тн сүрэл, 22.7 мянган тн ногоон тэжээл, 17.9 мянган тн үйлдвэрийн тэжээл, 28.6 мянган тн дарш, 788 тн гар тэжээл, 8.9 мянган тн эрдэс тэжээл бэлтгэжээ.

Энэ нь малчин болон мал бүхий иргэдийн түвшинд бэлтгэх өвс, тэжээлийн 90.1 хувь юм. Энэ жил 60.2 мянган толгой мал байнгын, 434.5 мянган мал нэмэгдэл тэжээлтэй өвөлжих бөгөөд эдгээрт шаардагдах тэжээлийг бэлэн байгаа тэжээлтэй харьцуулахад тэжээлийн хангамж 100 хувьтай байгаа хэмээн аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн хэллээ.

Түүнчлэн Алтанбулаг, Зүүнбүрэн, Хүдэр, Ерөө, Хушаат, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Баянгол, Сайхан, Цагааннуур, Жавхлант суманд байгалийн өвс 80664 боодол, ногоон тэжээл 111360 боодол, солом 50 урлон, сүрэл 16000 боодлыг зах зээлд  борлуулах боломжтой гэнэ. Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон, Сант, Орхонтуул, Баруунбүрэн, Мандал, Баянгол суманд Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговь, Булган, Архангай, Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Булган, Хэнтий аймгаас нийт 52 өрхийн 37000 толгой мал отор нүүдлээр өвөлжиж байна. Сумдад отор нүүдлээр ирсэн малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ болон төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байгаа гэлээ. Эдгээр отрын малчдыг хавар 04 дүгээр сарын 01-нээс өөрийн аймаг, сум руу нь буцаах талаар сумдад нь мэдэгдэл өгөх чиглэлийг хүргүүлээд байгаа ажээ.

Сэлэнгэ аймагт энэ жилийн тухайд нийт сумаар 0-2.0 мм тунадас орсон бөгөөд цасны зузаан 9 см-ээс ихгүй байгаа тул өвөлжилт хэвийн, малчдын амьдрал тавтай байна. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Сэлэнгэ аймгийн нутгаарх мал өвөлжилтийн цаг агаарын нөхцөлийн тоймоор 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зудын эрсдэлийн зургаас үзвэл, нийт нутгийн 61 хувьд бага эрсдэлтэй, 22 хувьд дунд зэрэг, 17 хувь буюу Орхон, Баруунбүрэн, Сүхбаатар сумын нутгаар эрсдэл ихтэй гэсэн дүгнэлт гарчээ. 

相关新闻