Аймгийн Засаг дарга Ерөө суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-05 17:06:20

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил шинэ оны ажлын эхний өдөр буюу энэ сарын 4-нд Ерөө суманд ажиллаж, сумын Онцгой комиссыг хуралдуулан үүрэг даалгавар өгчээ.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил Ерөө суманд ажиллахдаа Сэлэнгэ аймагт анх 11-р сарын 12-ны өдөр коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж түүнээс хойш өнөөдрийг хүртэл 53 хоногийн турш цар тахалтай нүүр тулж, тууштай тэмцэж буй талаарх мэдээллийг онцлон хүргэжээ.

Сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй ч хэн нэгэн хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас халдварын тохиолдол дахин нэмэгдэх эрсдэл өндөр байгаа. Иймээс айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд ухуулга сурталчилгааны ажлыг тогтмол хүргэх, мөн орон нутагт ирэх иргэдийн бүртгэл судалгаанд анхаарч, хяналт шалгалтыг чангатгаж ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ.

Мөн өнгөрсөн хугацаанд цар тахлын нөлөөг бууруулах чиглэлд аймгийн Онцгой комисс мэргэжлийн байгууллагуудтай хамтран шат дараатай төлөвлөгөө гаргаж, оновчтой шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажилласны үр дүнд сүүлийн хоёр долоо хоногийн турш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй хэмээв. Сэлэнгэ аймгийн тухайд 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн “Хатуу хөл хорио”-ны зэрэглэлийг нэг шат бууруулж, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн, энэ хариуцлагатай цаг мөчид орон нутагт үүрэг хариуцлагаа өндөрсгөж, эрүүл бүс нутаг болгох их үйлсэд хамтын зүтгэлээр даван туулахыг онцлон анхааруулжээ.

Аймгийн дарга уулзалтынхаа төгсгөлд сумын Онцгой комисст автомат халуун хэмжигч нэг ширхэг, амны хаалт 5000 ширхэг, түргэн оношлуур 100 ширхэгийг хүлээлгэн өгсөн байна.

相关新闻