Б.Амина: Хэл сурахад тууштай, юу хийх ёстойгоо төлөвлөөд явбал үр дүн гардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-04 12:05:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр буюу өнгөрсөн 12-р сарын 25-ны өдөр орос хэлний улсын олимпиад Монгол Улс даяар цахимаар болсон. Тус олимпиадын цахим сонсогч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 4-р сургуулийн 12-р ангийн сурагч Барсбаатарын Аминаа сонгон шалгаруулалтын дүнгээрээ эхний байрт шалгарсан. Тэрбээр ОХУ-д Засгийн газрын 60 сая төгрөгийн тэтгэлгээр хүссэн мэргэжлээрээ үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийн эзэн болсон байгаа. Ингээд олимпиадын ялагч Б.Аминаатай уулзаж сэтгэгдлийг нь хуваалцлаа.


-Юуны өмнө шинэ оны босгон дээр зохион байгуулсан орос хэлний улсын олимпиадад оролцон шалгарч том амжилтын эзэн болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Олимпиадын ялагч болсон гэдгээ сонсоод хэрхэн хүлээж авав. Тэр үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Маш их баярласан. Бас баярлаад уйлсан. Хамгийн түрүүнд ямар ч цаг үед, бүх үйл хэргийг минь дэмжиж, тусалж байдаг ээждээ маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Мөн бэлтгэсэн багшдаа, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлаж, талархсанаа илэрхийлье. Энэ олимпиадад би нийслэлээс оролцсон. Гурван үе шаттай явагдсан. Нэгдүгээр үед ахлах ангийнхаа хичээлийн дүнгээр. 2-р шатанд орос хэлний дүрмийн тест бөглөж оролцсон. Харин 3-р шатны шалгаруулалт ярилцлага байсан. Би Улаанбаатар хотод орос хэлний сургалтын төвд бэлтгэл хийсэн. Цахим орос хэлний академи гэж байдаг түүнд суралцаж байсан. Ийм учраас нийслэлээс оролцсон.

-Орос хэлийг хэзээнээс эхлэн сонирхож эхлэв. Орос хэлийг сурахад хүндрэл бэрхшээл юу байна. Өөрийнхөө хэл сурахад хэрэглэдэг арга барил, туршлага?

-Би багаасаа, цэцэрлэгт явж эхлэхдээ л орос хэлний сургалттай цэцэрлэгт явж байсан. Тэндээс л эхэлсэн. Тэгээд завсарлаад 6-р ангид орос хэлний хичээл орж эхлэхэд дахин суралцсан. Орос хэл их дотно гоё хэл. Багаасаа үзэж суралцсан болоод ч тэрүү. Хэл сурахад нэг их хүндрэл бэрхшээл байхгүй ээ. Өөрөө л чармайгаад төлөвлөгөө гаргаад хичээх юм бол гайгүй. Эхлээд биеэ даагаад хийх юмаа сайн ойлгоод судлах хэрэгтэй. Ийм боломж их байдаг. Интернэт, ном сурах бичиг ашигладаг. Заавал сургалтын төвд хандах шаардлага байдаггүй. Арга барилаа нэг л олчих юм бол өөрөө бие дааж сурахад боломж их байдаг. Миний хувьд хичээлээ хийхдээ давхар унших, сонсох, ярих чадвараа хөгжүүлдэг. Эхлээд дүрмүүдээ сайн судлаад дараа нь хажуугаар нь юүтүүбээс бичлэг үзэх, кино үзэх их тустай. Багаасаа их суудаг  байсан болохоор суух чадвар эзэмшсэн.

-Чиний хувьд орос хэлээс гадна монгол бичгийн хичээлдээ сайн гэдгийг мэдэх юм байна. Хэдэн жилийн өмнө бийрэн бичлэгийн төрлөөр үзэсгэлэн гаргаж байсан санагдана. Өөрийн тань сонирхол хобби юу вэ?

-Тийм ээ. Та сайн санаж байна. Би ангийн багш Р.Алтанхүү, бусад ангийнхаа хүүхдүүдтэй хамтраад үндэсний монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, гоё чамин бичиг гэдгийг улам тод томруун харуулах зорилгоор үзэсгэлэн гаргаж оролцсон. Тэр үед их сайхан бүтээлүүдээр оролцож байсан. Миний хувьд ганц орос хэл гэлтгүй англи хэлийг бас сонирхон суралцаж байгаа. Би нийгмийн чиглэлийн хичээлүүддээ илүү сонирхолтой. Энэ чиглэлээр түлхүү судалж хичээллэдэг. Бас ном унших, кино үзэх дуртай.

-Одоо энэ жил 12-р ангиа төгсөх гэж байна. Сургуулийнхаа тэргүүний сурагчдын нэг. Амжилт ололтоосоо хуваалцахгүй юу?

-Сүхбаатар сумын Засаг даргын жуух бичгээр шагнуулсандаа баяртай байдаг. Мөн 9-р ангид байхдаа Англи хэлний төрөлжсөн аймгийн олимпиад, мөн орос хэлний төрөлжсөн аймгийн олимпиадад тэргүүн байр эзэлж байсан.

Маш олон хүүхдэд амьдралынх нь үүд хаалгыг нээж өгч, маш том боломж олгож байгаа РЦНК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн ангийн багш Р.Алтанхүү, орос хэлний багш Б.Батнасан, Б.Мөнх-Учрал, Н.Энхтөр захиралтай Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн хамт олондоо маш их баярласнаа дамжуулъя.

-ОХУ-д хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичгээр шагнуулсан гэсэн. Маш гоё, хамгийн том шагнал. Мэргэжлээ сонгосон уу?

-Одоогоор яг сонгож амжаагүй, бодож л байна. Ерөнхийдөө нийгмийн талын мэргэжил сонгох бодолтой судалж байгаа.  

-Чиний хамгийн сайн туслагч ээж чинь гэсэн. Ээжийнхээ тухай. Чи айлын хэд дэх хүүхэд вэ, ямар зан ааштай вэ?

-Тийм шүү. Миний хамгийн сайн туслагч бол миний ээж. Манай ээж намайг бүхий л талаар дэмжиж тусалдаг. Миний амжилт бүхний ард ээж минь байдаг. Би нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Айлын ганц охин. Миний ээж их хөдөлмөрч, өөрийнхөө хүрээлэлд байгаа бүх хүмүүст эерэг нөлөө үзүүлж, сэтгэл гаргадаг. Жижиг гэлтгүй зүйлийг нь хараад ээж шигээ байхыг, ээжээсээ суралцахыг, бас хичээнгүй дайчин занг нь биширдэг. Би боловсролтой болоод сурсан мэдсэнээ эх орондоо гаргана гэж боддог. Миний хувьд биеэ дааж сурсан. Нэг их хүмүүсээс тусламж хүсээд байдаггүй, болж л байвал өөрөө хийх хүсэлтэй. Мөн хүнтэй нийтэч зантай.  

-Ер нь зорьсон зорилгодоо хүрэхэд өөрийгөө шахаж зүтгэж хүрэх үү, эсвэл сонирхол хоббидоо хөтлөгдөж хүрэх үү? Чиний бодлоор аль нь шат дээшлэхэд хялбар байх бол. Хүн бүр л өөр өөрийн онцлогтой суралцдаг байх?

-Ер нь хэл сурахад тууштай л байх хэрэгтэй. Хамгийн гол нь яагаад хийх ёстой вэ гэдгээ ухаарч ойлгох ёстой. Хүчээр хийхээр ямар ч үр дүн гарахгүй. Би үүнийг сурсанаар ямар үр ашигтай вэ дараа нь яах вэ гэдгээ маш сайн ухамсарлах хэрэгтэй. Суух гэхээр хэцүү байлаа гэж бодоход тууштай төлөвлөгөө гаргаад хийвэл үр дүнтэй байдаг. Би өөрөө өдрөөр юмуу, долоо хоногоор төлөвлөгөө гаргаад заавал хийж дуусгадаг. Хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Надаас өөр хүн өөрчлөхгүй учраас өөрийнхөө төлөө өөрөө л сайн хичээх хэрэгтэй гэж бодоод зүтгэдэг. Өөрт ямар боломж байна түүнийгээ ашиглах хэрэгтэй. Интернэттэй сайн найзалдаг. Одоо апплейкшн гарсан. Түүнийг татаж аваад олон талаар эрэл сурал хийж, олон зүйлийг хооронд нь харьцуул судлахыг хичээдэг.  

-Ангийнхаа хүүхдүүдийн талаар . . .?

-Манай ангийхан жигд сайн хүүхдүүд байдаг. Урлаг, спорт, нийгмийн үйл хэрэгт ангиараа идвэхтэй оролцдог. Миний хувьд ангийнхаа бүх хүүхэдтэй эвтэй найзалдаг. Намайг олимпиадад түрүүлсэнд манай ангийнхан баяр хүргээд, их сайхан санагдсан. Өөрийн амжилт гэсэн ч гэсэн бусадтай хуваалцах их гоё байсан.

-Дэлхий нийтийг цочроосон тахлын уршгаар хатуу хөл хорионы үед та нар дунд сургуулиа төгсөх гэж байна. Ангийнхантайгаа хэр ойр дотно холбоотой байна. ЭЕШ-даа бэлтгэж байна уу?

-Бид үргэлж холбоотой байгаа. Цахим ертөнц байгаа цагт бид холдохгүй гоё байдаг. Удахгүй ЭЕШ-ын бүртгэл эхэлнэ. Одоо энэ цаг үед өдөр өдөрт нь хичээлүүдээ хийж байгаа. Элсэлтийн шалгалт өгөх дөхөж байгаа болохоор хичээлээ бага ч гэсэн таслахгүй хийж байна.

-Монгол Улсаа төлөөлөөд БНСУ-д болсон хүүхдийн чуулганд оролцож байсан гэж сонссон. Энэ үеийнхээ дурсамжийг хөглөөч. Тэндээс юу сурч, мэдэж ирэв?

-Би 10-р ангидаа БНСУ-д зохион байгуулсан олон улсын хүүхдийн чуулганд Монгол Улсынхаа хүүхдүүдийг төлөөлж, Сэлэнгэ аймгаасаа дөрвүүлээ оролцож байсан. Тэр чуулганаар дэлхийд тулгамдсан асуудлын аль нэг сэдвийг өгөөд ямар шийдэл байж болох вэ? гэдгийг НҮБ-аас хэлэлцүүлдэг юм. Олон орны хүүхдүүд чуулдаг их том чуулган юм билээ. Бид 9 дэх удаагийн чуулганд оролцсондоо их баяртай байдаг. Бүтээлч санал санаачилгыг хүүхдүүдээс хүсдэг. Би чуулганд оролцоод ирэхдээ 1-рт олон орноос ирсэн мөртлөө нэг хэлээр хоорондоо ойлголцсон хэл бол англи хэл байсан. Иймээс англи хэлээ сайжруулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авсан. Мөн Солонгосын тэр хот их цэмцгэр, хир тоосгүй цэвэрхэн байсан.


Гурван үе шаттай явуулсан уг олимпиадыг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсад орос хэлний боловсролыг илүү өндөр түвшинд хүргэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд уламжлалт ажил болж буйгаараа онцлогтой юм. Энэхүү орос хэлний улсын олимпиадыг орон нутаг, нийслэлийн хэмжээнд бүсчилж, улс даяар тогтоосон хорио цээрийн хатуу дэглэмтэй холбогдуулан анх удаа цахимаар амжилттай зохион байгуулжээ. 



相关新闻