Алтанбулаг хилийн боомтод хил хяналтын байгууллагуудын 40 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээсэн Сэлэнгэ
аймаг авто замын болон төмөр замын хоёр том боомтоор хүнсний болон өргөн
хэрэглээний бараа материалыг татан авсаар байна. Хэдийгээр Алтанбулаг,
Сүхбаатар сумын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж нэг шат
бууруулсан ч гэсэн өндөр эрсдэл дунд ажилласаар байгаа.
Энэ сарын 2-ны
байдлаар Алтанбулаг
хилийн боомтоор орох чиглэлд ОХУ, Беларусь, Польш, Молдав зэрэг дөрвөн орны
20 ачаа тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн байна. Ингэхдээ хилээр орж ирсэн чиргүүлийг улаан бүсэд байрлуулан, чирэгчийг ОХУ-ын
тал руу эргэн буцаажээ. Харин ачаа тээврийн улаан бүсээс
20 чиргүүлийг Монгол Улсын талаас ирсэн 20 чирэгчид холбож, Улаанбаатар хот руу
хөдөлгөөнд оролцуулсан байна. Энэхүү үйл ажиллагааг
явуулахдаа аймгийн
Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин аймгийн Цагдаагийн
газрын алба хаагчдын хамгаалалттай хөдөлгөөнд оролцууллаа.
Энэхүү үйл ажиллагааг Улсын онцгой комиссын даргын тушаалаар
Алтанбулаг боомтод Олон улсын автомашины чирэгч сольж тээвэрлэх туршилтын ажлыг
зохицуулах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн
нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулан байгуулсан байна. Энэ нь “Ковид-19” цар тахлын нөхцөлд гадны тээврийн
хэрэгслийг нутгийн гүн рүү нэвтрүүлэхгүй байх, жолооч нарыг халдвараас
хамгаалах зорилгоор төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа туршилтын арга хэмжээ
юм. Шуурхай бүлэг өчигдөр Алтанбулаг боомтод ийн ажиллаж, тус боомтод эм, эмнэлгийн тоног
төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн ачсан олон улсын 20 автомашины чирэгчийг солих
туршилтын ажлыг ХХЕГ, МХЕГ, ГЕГ хамтран амжилттай зохион байгууллаа.
Мөн эдгээр өдрүүдэд Алтанбулаг хилийн боомтод
хил хяналтын байгууллагуудын 40 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Харин Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх
боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн
14 галт тэрэгний 619 вагон, нэг орны 30 ажилтныг шалган
нэвтрүүлжээ.