“Яг одоо” аянд Сэлэнгэ аймгийн ИТХ нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо 10.3-21.2 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Гэвч сүүлийн үед өсөх хандлагатай
байгаа нь мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, судалгаануудаас
харагдаж байгаа аж. Иймээс олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн
хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд энэ талаарх мэдээ, мэдээлэл хүргэх, мөн
гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал байна. Энэ зорилгоор "Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт
хүчирхийллийг цэглэе" уриан дор Сэлэнгэ аймгийн ИТХ-аас “Яг одоо” аянд нэгдээд байна.
Аймгийн нутгийн өөрөө
удирдах ёсны байгууллагын зүгээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан
сэргийлэх, энэ талаарх иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа аж. Тухайлбал энэ ажлын хүрээнд 2016-2020 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн
хөтөлбөр”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр”, “Иргэдийн
эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”, “Жаргалтай гэр бүл” хөтөлбөр зэрэг
олон хөтөлбөр, төлөвлөгөөнүүдийг батлан хэрэгжүүлж үр дүнг нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг
гарган хэрэгжилтийг нь тооцон ажиллажээ.
Мөн Хууль зүй дотоод
хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Японы ядуурлыг бууруулах сангийн
буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2018 оноос аймагт хэрэгжүүлж байна. Уг төслийн
хөрөнгө оруулалтаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн
аюулгүй байдлыг хангах зорилгоор Сүхбаатар суманд нэг хамгаалах байр, мөн
аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сайхан суманд нэг хамгаалах байрыг тус тус
барьж ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ.
Мөн Мандал,
Алтанбулаг суманд Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр
байгуулсан хамгаалах байруудын хэвийн үйл ажиллагааг хангахад анхааран
ажиллаж байгаа аж.
Үүний зэрэгцээ "Ковид-19" цар тахлын хатуу хөл хорио тогтоосон энэ үед гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан
сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг эрчимжүүлэх, энэ талаарх иргэдийн мэдлэг
боловсролыг дээшлүүлэх, алба хаагчдын бэлэн байдлыг хангах чиглэлээр
аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газарт нийт 12.100.000 төгрөгийн
дэмжлэг үзүүлжээ. “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох нь та бүхний оролцоо,
дэмжлэгээс ихээхэн шалтгаална” хэмээн аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа
хэллээ. Мөн тэрээр “Яг одоо хүчирхийллийг цэглэе” аянд нэгдэж бидэнтэй хамтран
ажиллахыг уриалж байна. Бидэнтэй холбогдох утас 7036102,
70194710, 107, 108 хэмээн уриаллаа.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг дэлхийн улс орнууд 1991 оноос эхлэн жил бүр нэг уриа, нэгдмэл зорилгын дор өрнүүлж эхэлжээ. Харин манай улс энэхүү аянд 1997 онд нэгдэн орсон байна. Өнөөдөр дэлхий нийтэд үүсээд буй коронавирусний цар тахалтай холбоотойгоор улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Энэ үед гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо өсөх хандлагатай байгаа аж.