Сайн дурын ажилтнууд гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тусалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд туслахаар Даланзадгадын найман багт Улаан загалмайн сайн дурын ажилтнууд ажиллаж эхэлжээ.
Өмнөговь аймагт гэрийн ажиглалтад нийт 2137 хүн байна. Ажиглалтад байгаа иргэд хоол хүнсгүй болон эмийн сангаар үйлчлүүлэх, яаралтай хэрэгцээ гарсан тохиолдолд тухайн иргэний өмнөөс дэлгүүр, эмийн сан орох ажлыг сайн дурын ажилтнууд хийж байгаа юм. Иргэд сайн дурын ажилтнуудаар дамжуулан авсан бараа материалын төлбөрөө цахимаар шилжүүлж байна. Улс оронд "Ковид-19" халдвар тархсан энэ үед иргэдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх, гадагш гарах зайлшгүй шаардлагатай нөхцөлд туслах зорилгоор Өмнөговь аймгийн Улаан загалмайн хорооноос уг ажлыг санаачлан зохион байгуулж байгаа юм. Гэрээсээ гарах боломжгүй байгаа Даланзадгад сумын иргэд 70532133, 80081834 дугаарт холбогдож тусламж хүсч болох юм.