Гэр бүлийн онлайн арт терапи сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Гэр бүлийн онлайн арт терапи" сургалтыг 20 гэр бүлийн хостой эхлүүллээ.
Өмнөговь аймгийн Хүүхэд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд уг онлайн сургалтыг хийж байгаа бөгөөд сургалтад Ханбогд, Даланзадгад сумын 20 гэр бүлийн залуу хосууд оролцож байна. Сургалт нийтдээ дөрвөн долоо хоног үргэлжлэх юм. "Монголд анх удаа хийж буй энэхүү гэр бүлийн арт терапи сургалтын багш Бэрцэцэг Австрали улсад магистрийн зэрэг хамгаалсан мэргэшсэн багш. Уг сургалтаар гэр бүлийн харилцаа хандлага, хосууд бие биенээ хайрлах, хүндэтгэх, үр хүүхдээ хүмүүжүүлэх шинэлэг арга барилд суралцаж, хамтдаа хөгжинө. 2021 онд энэхүү сургалтад 100 гэр бүлийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа" гэж Өмнөговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Эрдэнэцэцэг хэллээ.
Гэр бүлээ хэрхэн авч явах, халуун дулаан орчныг бүрдүүлэх, гэр бүлээ "эрүүл" авч явахад туслах сургалт нь нэг ёсондоо гэр бүлийн төлөвшлийн урлагт суралцах өдрүүд байх юм.