Туруутан амьтад идэш тэжээлийн хомсдолд оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн залуучуудын үүсгэн байгуулсан "Аргаль янгир хамгаалах сан" ТББ-аас санаачлан аргаль угалз, янгир ямаа, хар сүүлт зэрэг туруутан ан амьтдыг хамгаалах аяныг эхлүүллээ.
Өмнөговь аймаг нь байгаль цаг уурын тогтворгүй уур амьсгалд дасан зохицсон ховор ан амьтдын өлгий нутаг билээ. Уг говь, тал хээрийн бүс нутагт аргаль угалз, янгир ямаа, хулан, хар сүүлт, цагаан зээр, цоохор ирвэс, шилүүс гэх мэт ховор ан тархсан байдаг. Зун намартаа бороо хур муу байсны улмаас бэлчээр тааруу, уулархаг газартаа цас унасан байгаа тул ан амьтад өвс тэжээлийн хомсдолд ороод байгаа юм. Иймд цаг хүндэрсэн үед амьтдад өвс, тэжээл тавьж өгөх, шаардлагатай цэгүүдэд биотехникийн арга хэмжээ авах сайн дурын ажилд олон нийтийг оролцож, хандив тусламж үзүүлэхийг уриаллаа. Энэхүү аян 2021 оны хоёрдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 414015820 /Худалдаа хөгжлийн банк/ тоот дансанд хандивыг төвлөрүүлэх юм.
Өмнөговь аймгийн БОАЖГ-ын мэдээлж байгаагаар, биотехникийн арга хэмжээ авах нөөц бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд нөөцөд 600 боодол өвч, 200 сав тэжээлийн нөөцтэй байгаа аж. 2011 оны судалгаагаар тус аймагт аргаль 2850, янгир 2680 байгаа гэсэн байдаг. Хэдийгээр ан амьтдыг таван жилд нэг удаа тоолох ёстой байдаг хэдий ч төсөв санхүүгийн боломжгүйн улмаас 2019, 2020 онд тоон судалгаа явуулж одоо тайланг нэгтэж байгаа аж. Мөн Гурвансайхан ууланд 2016 оны 6 дугаар сард тавьсан бугын сүргээс энэ оны 9 дүгээр сарын байдлаар 13 байгаа гэсэн мэдээлэл бий. Харин "Говь гурван сайхан байгалийн цогтолбор газар"-ын уулсад 2020 оны хавар намар 3315,4км2 талбайд уулын туруутны тооллого хийхэд аргаль хонь 993, янгир ямаа 2379 тоолсон байна.