Зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-16 12:17:12

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед авах арга хэмжээний 2020 оны 12 дугаар сарын 14-ний А/605 дугаар захирамжаар зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шат дараатай нээж байна. 

Тухайлбал нийтийн хоолны газар, кофе шоп 08:00-22:00 цаг хүртэл ажиллах бол банк санхүү, харилцаа холбоо, үүрэн телефоны байгууллага 09:00-18:00 цагийн хооронд үйлчилнэ. Харин үйлчилгээний байгууллагуудыг орж ирсэн иргэн бүрийг QR код уншуулан нэвтрүүлж, халуун үзэх, амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байхыг санууллаа.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар чиглэл:

1.Олон нийтийг хамарсан хурал, сургалт, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

2. Бүх төрлийн баар /диско, караоке, паб/

3.Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

4.Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

5.Спорт арга хэмжээ /заал, бильярд, фитнес, бүжиг, иог/

6.Нийтийн халуун усны газар, саун

7.Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газар/

8.Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

9.Бариа засал, массажны газар, гоо сайхны үйлчилгээ /маникюр, педикюр, шивээс/

10.Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

Мөн такси үйлчилгээг зөвхөн Зуунмод хот дотор явуулахаар болсон бөгөөд нэг таксинд 3-аас илүү хүн суулгахгүй байх, ариутгал халдваргүйтгэлээ сайтар хийхийг анхаарууллаа.

Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэм болон бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхад өдөр тутам хяналт тавихыг Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо. 

相关新闻