Ш.Оргил:Алтанбулаг, Сүхбаатар суманд хатуу хөл хорионы дэглэм хэвээр мөрдөгдөж байгаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
Тэрээр: “Өнөөдрийн бүртгэгдсэн таван тохиолдол өмнө сэжигтэй хэмээн тооцон тусгаарлалт, хяналтад ажиглаж байсан иргэд. Бүр тодорхой хэлбэл, нэг гэр бүлийн гурав, нэг гэр бүлийн хоёр нийт таван хүний давтан шинжилгээг 14-21 хоногт 3-4 дэх удаагаа авахад илэрч байгаа тохиолдлууд байна. Бодит нөхцөл байдал ийм байгаа учир иргэд та бүхэн энэ цаг үед аль болох гэртээ байж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ мөрдөж, иргэн бүр үүргээ биелүүлэхийг анхааруулъя.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсан “Эрүүл бүс нутаг”-ийг баталгаажуулах зорилготой Сүхбаатар сумын өрх бүрээс нэг иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан ажлын үр дүн гарч, шинжилгээ өгсөн 4649 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа. Энэ нь иргэн таныг шинжилгээ өгөх мөчид л халдваргүй байгааг тодорхойлсон баримт гэж ойлгоорой. Халдвар авахгүй гэсэн баталгаа биш гэдгийг хүн бүр ухамсарлах ёстой. Өнөөдрөөс эхлээд улсын хэмжээнд хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэмийг хэвээр үлдээж, Улаанбаатар болон бусад орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.
Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм хэвээр мөрдөгдөж байгаа гэдгийг тодотгон хэлье. Тэгэхээр энэ хоёр сумын иргэд урдын адил шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөх үүргээ биелүүлэхыг анхааруулж байна.
Сүхбаатар, Алтанбулаг суманд ирээд хөл хорионд орсон иргэд Улаанбаатар болон бусад орон нутаг руу явах хүсэлтийг ихээр ирүүлж байгаа. Бид та бүхний нөхцөл байдлыг сайн ойлгож, мэдэрч байна. УОК-т хүсэлтээ ойлгуулж, асуудлаа танилцуулснаар энэ асуудал шийдвэрлэгдэж байгаа. Өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 14-нөөс эхлэн шат дараатайгаар үндсэн засаг захиргаа руу нь буцаахаар бэлтгэж байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснуудаас авч болно. Тухайлбал Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга 99094966, АТҮТ-ийн Сэлэнгэ дэх авто тээврийн газрын дарга Ж.Батцогт 99010091, аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга Н.Мөнхбат 99088950.
Мөн цахим сүлжээгээр зарим хүн иргэдийг сандаргасан буруу ташаа
мэдээлэл гаргаж байна.
12 дугаар сарын 13-ны орой гэхэд нэгэн этгээд коронавирусний тохиолдол Алтанбулаг суманд гарсан мэтээр фэйсбүүкт мэдээлэл оруулж Алтанбулаг сумынхныг цочирдууллаа. “Ковид-19” цар тахалтай холбоотой албан ёсны баталгаатай мэдээллийг аймгийн Онцгой комиссоос өдөр бүр, нэг сувгаар иргэд та бүхэндээ хүргэж байгаа. Иймд Та бүхнийг аймгийн Онцгой комиссоос албан ёсоор мэдээлээгүй, баталгаагүй, цар тахлын талаарх цахим орчинд олон нийтийг төөрөгдүүлсэн, илт худал мэдээ, мэдээлэлд автахгүй, түгээхгүй байхыг хүсье. Бид иргэдээсээ мэдээ, мэдээллийг нууцлах шаардлагагүй бөгөөд харин бодит нөхцөл байдлыг тогтмол мэдээлж байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн коронавирустэй хүмүүсийг эмчлэх тасагт 18 өвчтөнийг эмчилж байна. Харин аймгийн хэмжээнд нийт 13 байршилд 120 иргэн тусгаарлах байранд хяналтад байна. Иргэн бүр хичээж, эрүүл бүс нутгийг хамтдаа бүтээе хэмээн Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга уриаллаа.