Танхимын бус сургалтыг үр дүнтэй явуулах ажлыг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-14 15:25:40

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БСУГ-аас аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд теле хичээл үзэлтийн судалгааг сургууль, цэцэрлэгүүдээр гаргасан байна. Энэхүү судалгаагаар ерөнхий боловсролын сурагчдын 90.5 хувь нь хичээлээ үзэж, багштайгаа эргэх холбоотой байгаа бол 9.5 хувь нь теле хичээлээ үзээгүй байсан байна. Харин СӨБ-ын хүүхдийн 71.3 хувь нь хичээлээ үзсэн байхад 28.7 хувь нь үзэж чадаагүй байжээ.

Энэхүү судалгаанаас үзэхэд, теле хичээл үзсэн байдлын дундаж 80.9 хувьтай байгаа нь 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдийнхээс 3.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Судалгааны явцад ингэж буурсан шалтгааныг тодруулахад, хоёр үндсэн шалтгаан байсан байна. Тодруулбал хоёр настнууд үзэх сонирхолгүй, зарим нь ах, эгч нартай хичээл давхцаад үзэж чадаагүй аж. Мөн зарим нь би мэднэ гээд үзээгүй, аав ээж нь ажилтай, хичээл үзэж буйд хяналт тавьж амжаагүй, зурагт эвдэрсэн, өвчтэй, хөдөө байгаа, суваг гарахгүй байгаа, түүнчлэн зурагтгүй, холбогдож чадахгүй байгаа, хотод хөл хорионд байгаа, ажил явдал гарсан, өвчтэй байгаа гэсэн шалтгаан дурджээ. Энэ байдлаас харахад теле хичээл үзсэн байдлын дундаж 87.2 хувьтай гарчээ.

Харин 2020 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 4-ний өдрүүдэд дахин теле хичээл үзсэн судалгааг хийсэн байна. Энэ үед СӨБ-ын хүүхдүүд 79.2, ЕБС-ийн сурагчид 93.2 хувьтай дундаж нь 86.2 хувь болж өмнөх 7 хоногийнхоос 5.3 хувиар ахисан үзүүлэлт гарчээ.

Энэхүү ахисан үзүүлэлт нь багш, сургууль, цэцэрлэг бүр танхимын бус сургалтыг үр дүнтэй явуулахаар өөр өөрийн онцлогт тохирсон ажлуудыг зохион байгуулж байгаа аж. Тухайлбал сурагчдын теле хичээл, дасгал даалгаврыг сүүний машинд захидал хэлбэрээр дайж явуулах, теле хичээлээ амжилттай хийж байгаа сурагчдад “Талархал” хүргүүлэх. Мөн Zoom, EDMODO, google form, google meet программуудыг ашиглан сурагчидтай холбогдож, цахим хичээлийг заах, харилцан ярилцах, цахим сайтаар шалгалт авах ажлыг зохион байгуулах зэргээр ажилласан нь нөлөөлжээ. 

相关新闻