АНУ-д “COVID-19”-ийн улмаас нас барсан тохиолдол Дэлхийн II дайнд амь үрэгдсэн цэргийн тоог давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-11 10:57:31

НЬЮ-ЙОРК. /NBC/. АНУ-д коронавирусний халдвар авсны улмаас нас барсан тохиолдлын тоо Дэлхийн II дайнд амь үрэгдсэн америк цэргүүдийн тоог давлаа гэж “NBC” телевиз мэдээлэв.


Тус телевизийн тооцоолсноор,  өчигдөр буюу пүрэв гаргийн байдлаар АНУ-д 292 098 хүн “COVID-19” өвчнөөр нас баржээ. Ахмад дайчдын хэрэг эрхэлсэн яамны мэдээллээс үзвэл, АНУ Дэлхийн II дайнд 291 557 цэргээ алдсан бол байлдааны талбарын гадна 113 842 хүн амиа алдсан байна.


“The New York Times” сонинд өмнө нь мэдээлснээр, лхагва гарагт 3011 өвчтөн нас барсан нь өдөрт бүртгэгдсэн нас баралтын хамгийн олон тохиолдол болсон байна. Өмнөх дээд үзүүлэлт /2879/ 12 дугаар сарын 3-нд бүртгэгджээ.  


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр бол тус улсад коронавирусний халдварын 15.58 сая гаруй тохиолдол илэрч, 292 091 хүн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт орсон хэвээр байгаа юм.


相关新闻