АНЭУ: БНХАУ-ын вакцин 86 хувийн үр дүн үзүүлсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-12-10 15:41:43

АБУ-ДАБИ. /BBC/. Арабын Нэгдсэн Эмират Улс БНХАУ-ын “Sinopharm” группийн гарган авсан “COVID-19”-ийн вакцины үр дүнгийн талаар мэдээлсэн анхны улс боллоо.


АНЭУ-ын мэдээлснээр, гуравдугаар үе шатны туршилтаар уг вакцин 86 хувийн үр дүн үзүүлжээ. Sinopharm” группийн вакциныг “албан ёсоор бүртгэсэн” гэж АНЭУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. 


Мөн вакцины аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал үүсээгүй болохыг Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Гэсэн хэдий ч “Sinopharm”, АНЭУ-ын аль аль нь 31 мянган хүнийг хамруулсан туршилтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ажээ.


Мөн АНЭУ-ын мэдэгдэлд хэчнээн хүн халдвар авсан, хэдэн хүнд вакцин, хэдэн хүнд идэвхгүй нэгдэл тарьсан талаар дурдаагүй байна. Мөн гаж нөлөөний талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа юм.


Мэргэжилтнүүдийн хувьд уг вакцины талаарх мэдээлэл дутмаг байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Sinopharm” группийн зүгээс яагаад мэдэгдэл гаргахгүй байгааг тодруулахыг хүсэж байгаа ажээ.


АНЭУ-ын “Wam” агентлагийн мэдээлснээр, долоодугаар сард эхлүүлсэн туршилтад 125 орны иргэн оролцсон бөгөөд галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад яаралтай зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг есдүгээр сард олгосон байна.


Мөн АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч, Дубайн захирагч Мохаммед бин Рашид аль-Мактум 11 дүгээр сард вакцин хийлгэжээ. “Sinopharm”-ын вакциныг яаралтай хөтөлбөрийн хүрээнд Хятадын нэг сая иргэнд хэдийн хийжээ.


Sinopharm”-ын бүтээгдэхүүн нь Хятадад гарган авч буй вакцинуудаас туршилтын сүүлийн үе шатандаа шилжсэн дөрвөн вакцины нэг юм. Тэдгээрийн дунд “Sinovac” компанийн “CoronaVac” вакцин багтаж байгаа бөгөөд Индонез уг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө хэрэглэхээр хүлээн аваад байна.



Их Британи “Pfizer/BioNTech” компанийн вакциныг ашиглан вакцинжуулалтын эхлүүлсэн дэлхийн анхны орон болсноос нэг хоногийн дараа АНЭУ дээрх мэдэгдлийг хийжээ. Уг вакцины хувьд 95 хувийн үр дүн үзүүлсэн билээ.


Мөн АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар “Pfizer/BioNTech”-ийн вакциныг хэрэглэх эсэхийг пүрэв гарагт хуралдан шийдвэрлэх юм.


Удахгүй зөвшөөрлөө авах төлөвтэй байгаа вакцинуудад Оксфордын их сургууль, Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн гарган авсан вакцин, АНУ-ын “Moderna” компанийн хөгжүүлсэн вакцин багтаж байна.


Moderna”-гийн вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлсэн бол “Oxford/AstraZeneca”-гийн вакцин 70 хувийн үр дүн үзүүлээд байгаа юм.


Мөн ОХУ-ын “Sputnik V” вакцин 92 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд уг вакцины гуравдугаар үе шатны туршилт АНЭУ-д мөн үргэлжилж байгаа ажээ.


АНЭУ-ын эрх баригчдын мэдээлснээр, улсын хэмжээнд 180 150 хүн халдвар авч, 598 хүн нас баржээ. 

相关新闻