УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-12-09 18:24:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж,  дэмжлээ.


УИХ-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны 30 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хүсэлтийнх нь дагуу гишүүнээс чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан УИХ нөхөн сонгууль зарлах шаардлага үүссэн байна. Төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулахаар тусгасан байна.


УИХ-ын сонгуулийн нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хамт зохион байгуулахад үүсэх хүндрэл, зөрчлийн талаарх УИХ-ын гишүүдийн асуултад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хариулахдаа, "зардлын хувьд хэмнэлт гарах хэдий ч иргэдийн шилжилт хөдөлгөөн, сонгуулийн сурталчилгааны хугацаа гэх мэт тус тусдаа зохицуулалттай хоёр сонгууль" гэв. Мөн эрх зүйн зохицуулалт хооронд зөрчил үүсэх, саналын хуудасны программчлалтай холбоотой хүндрэл үүсэх магадлалтай гэлээ.


УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг дангаар нь зохион байгуулахад 1 тэрбум гаруй төгрөг, харин Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулсан тохиолдолд 100 гаруй сая төгрөгийн зардалтайг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан онцлоод, цар тахал нүүрлээд байгаа энэ цаг үед татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, зарцуулалт бүр үр ашигтай, оновчтой байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ингээд УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2020 оны 12 дугаар сарын 10-наас эхлэх тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь дэмжлээ.


Дараа нь “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн 93.8 хувь нь, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэн юм.

相关新闻