Коронавирусээр халдварласан найман өвчтөний биеийн байдал хөнгөн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт найман өвчтөн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдал хөнгөн байгаа гэнэ. Сэлэнгэ аймагт ойрын 1475, дам 862 нийт 2337 хавьтлыг тогтоон, тандалт судалгааны ажлаа үргэлжлүүлэн явуулсаар байна. Мөн Төмөр замын Сүхбаатар зангилаа буюу төмөр замын голомтоос 91 иргэн халдвараар өвчилснийг тогтоосон аж. Эдгээр иргэдэд аймгийн Онцгой комиссоос шаардлагатай хариу арга хэмжээг тухай бүр шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар төмөр замын 3123 ажилчдыг өссөн дүнгээр коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, тандалт судалгааг тасралтгүй зохион байгуулжээ.
Мөн өнөөдрөөс эхлээд хот хоорондын авто замын нийтийн тээврийн хөдөлгөөн нээгдэж байна. Иймээс Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн тохиолдол бүртгэгдээгүй сумдад ирж байгаа иргэд очсон газраа 14 хоног гэрийн дэглэмээ сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, иргэний үүргээ биелүүлээрэй. Мөн сум, багийн засаг захиргаанаас ч анхаарал, хяналтаа тогтмол хийгээрэй гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга анхаарууллаа.
Сэлэнгэ аймагт өвчний тохиолдол бүртгэгдсэн
гурван сум байгаа. Онцгой комиссын дарга, вирусийн тохиолдлоо тогтоон барьж,
цаашид тархаахгүй, хариуцлагатай ажиллаж байгаа Алтанбулаг, Мандал сумын онцгой
комиссын баг бүрэлдэхүүн, мөн сайн ажиллаж байгаа бусад сумынхандаа, иргэний үүргээ сайн биелүүлж,
хариуцлагатай байгаа иргэддээ АОК-ын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.