Сүхбаатар суманд бүртгэгдсэн сүүлийн гурван тохиолдол ойрын хавьтлаас илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр Сэлэнгэ аймагт батлагдсан
тохиолдол гурваар нэмэгдэж 183 боллоо. Сүхбаатар суманд бүртгэгдсэн энэ гурван
тохиолдол мөн л өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрчээ.
Өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатар суманд 18044, бусад суманд 12813, нийтдээ 30857 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар суманд шинжилгээ авах суурин гурав, явуулын мөн гурван баг ажиллаж байна. Эдгээр цэгүүд нь Сүхбаатар сумын 2 дугаар сургууль, ”Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын заал, Төмөр замын клубт байрлаж байгаа аж. Иймээс шинжилгээндээ хамрагдаагүй иргэд эдгээрээс өөрийн хамгийн ойр байгаа цэгт очиж шинжилгээгээ өгч, үүргээ биелүүлэхийг аймгийн Онцгой коимссын зүгээс хүслээ.
Мөн гэрээсээ гарах боломжгүй иргэдэд зориулсан
дуудлагын баг ажиллаж байна. Эдгээр иргэд 95-900-103, 95-916-103 дугаарт
холбогдож дуудлага өгч үйлчилгээ авах бүрэн боломжтой ажээ. Түүнчлэн өнөөдрийн
байдлаар Сүхбаатар суманд тусгаарлалтын 19 цэгт 297, гэрийн ажиглалтад 38 цэгт 147
иргэн байна. Аймгийн хэмжээнд харуул, хамгаалалт, хяналт, шуурхай штабт нийт
1000 орчим төрийн алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.