Ш.Оргил: Хэсэгхэн хором ч назгайрч, дэглэмээ алдаж болохгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын энэ өдрийн мэдээллийг Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил өглөө. Улсын Онцгой комиссоос өгсөн шийдвэрийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 2-ноос дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр боллоо. Бүх сумын Онцгой комисстой цахимаар холбогдож хийх ажлуудаа тодотгоод урьдчилсан бэлтгэлээ ханган ажиллах үүрэг чиглэл өгөв.
Тухайлбал Сүхбаатар сумын хэмжээнд банкуудын үйл
ажиллагааг халдвар хамгаалал, хүн хоорондын зайг дээд түвшинд баримтлан
ажиллуулахаар боллоо. Энд Голомт банк 09.00-16.00 цаг, Төрийн банк 09.00-17.30 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Сэлэнгэ
аймаг өөрийн харьяалалын иргэдээ татан авах, өөр орон нутгийн иргэдийг буцаах
ажлыг зохион байгуулалттайгаар хийнэ. Бид Сүхбаатар суманд цахимаар, явуулын
чанга ярих төхөөрөмж ашиглаж иргэд, олон нийтэд гэрээсээ шаадлагагүй тохиолдолд
гарахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах чиглэлээр ухуулга
сурталчилгааг тогтмол хийж байна. Нийт иргэддээ хандаж хэлэхэд бид тайвширч
болохгүй ээ. Хүн нэг бүрийн хичээл чармайлт, хамтын зүтгэлээр бид энэ аюулт цар тахлыг ялж давна. Хэсэгхэн хором ч назгайрч, дэглэмээ алдаж болохгүй гэдгийг
хатуу ойлгох хэрэгтэй.
Та бүхэн минь сонор сэрэмжээ өндөржүүлж, илүү их соргог
сэргэг байгаарай. Та бид давч гарч чадна. Дэглэмээ ягштал барьж, гэр гэртээ
байгаа иргэддээ баярлалаа. Хүн бүр энэ цаг үед иргэний үүргээ биелүүлж, амны хаалтаа зүүх, ариун цэврийн дэглэмээ сахих, хүн хоорондын зайгаа барих, аль болох
гэртээ байж бидний ажилд туслаарай гэлээ.