Гурван сумын Засаг даргыг улираан томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 11
дүгээр сарын 27-ны өдрийн Б/62 тоот захирамжаар сумдын Засаг дарга нарыг
батламжилсан.
Эдгээр дарга нар бол 2020 оны
орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргад нэр дэвшиж, Авлигатай
тэмцэх газрын албан ёсны хариу бичиг нь ирсэн учир ийн сумын Засаг даргаар
томилогдоод байгаа юм.
Тодруулбал Сүхбаатар сумын Засаг даргаар Т.Гантулга, Мандал сумын Засаг даргаар Н.Лхагвадорж, Орхонтуул сумын Засаг даргаар П.Батбаатар нар улиран ажиллахаар болсон юм. Харин Жавхлант сумын Засаг даргаар Ц.Дарханбаатар, Ерөө сумын Засаг даргаар Б.Сэргэлэн, Хушаат сумын Засаг даргаар Н.Пүрэвбат, Баянгол сумын Засаг даргаар Р.Батжаргал, Сайхан сумын Засаг даргаар Б.Мөнхболд, Сант сумын Засаг даргаар С.Шижирбаатар, Түшиг сумын Засаг даргаар Г.Батболд, Цагааннуур сумын Засаг даргаар Ц.Баянбаатар, Хүдэр сумын Засаг даргаар Г.Энхтүвшин нарыг батламжилж, 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа хүлээн аваад байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос аймгийнхаа 17 сумын шинээр томилогдсон болон улиран сонгогдсон Засаг дарга нар, шуурхай штабын гишүүдтэй цахим хурал хийв. Хурлаар цаг үеийн нөхцөл байдал, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, коронавируст халдварын тархалтыг хязгаарлах, Засгийн газар, Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал өдрөөс өдөрт хүйтний эрч чангарч иргэдийн түлээ, түлшний асуудлууд тулгарч байна. Иймээс өөрсдийнхөө боломж бололцооны хүрээнд хөл хорионы дэглэмтэй байгаа энэ үед хэн нэгэнд илүү боломж, давуу тал үүсгэхгүйгээр асуудлыг түргэн шуурхай шийдэхийг анхаарууллаа. Мөн иргэдийг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээр тасалдуулахгүй байх асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.










