Нөөц вакцин 3000 тун үлдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-05-29 02:33:21

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт улаан бурханаас сэргийлэх вакцины нөөц 3000 орчим тун үлдээд байгаа аж. Тус аймагт одоогоор улаанбурханы 1317 тохиолдол бүртгэгдээд байгаа ба өвчлөлийн 20 гаруй хувийг бага насныхан, 50 гаруй хувийг 18-30 насны залуус, 5 орчим хувийг 40-өөс дээш насныхан эзэлж байгаа гэнэ.

Вакцинд хамрагдах иргэдийн оролцоо сул байгаагаас шалтгаалж эрүүл мэндийн байгууллагаас төв зах дээр явуулын баг ажиллуулж 200 орчим залуусыг хамруулжээ.

Бага насны хүүхэд улаанбурханы өвчлөлд ихээр өртөж байгаа нь ээж өөрөө дархлаа сул байгаатай холбоотой. Энэ вакцинжуулалтын аян нь эмэгтэйчүүдийн дархлааг сайжруулах, төрөхийн улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой байгаа ч залуу эмэгтэйчүүд идэвх муу хандаж байна гэдгийг Эрүүл мэндийн газрын НЭМХ-ийн дарга М.Золзаяа хэлж байлаа.

Хэдийгээр заасан насанд хамрагдахгүй ч сайн дураар вакцин хийлгэх хүсэлтэй таван иргэн Эрүүл мэндийн газарт хандсан байх бөгөөд иргэдийн хүсэлтээр нас харгалзахгүй улаанбурхан-улаанууд, гахайн хавдраас урьдчилан сэргийлэх гурвалсан үйлчилгээтэй вакцин хийх боломжтой гэнэ. Үүнд 10 мянган төгрөг төлөх аж.

Улаанбурхан-Улаанууд өвчлөлийн тархалтыг бууруулах зорилгоор вакцинжуулах аяныг улс орон даяар энэ сарын 12-нд эхлүүлсэн. Энэ өвчний халдвар авсан иргэдийн дийлэнх нь 18-30 насны залуус байсан учраас энэ насны хүмүүсийг вакцинжуулалтанд үнэ төлбөргүй хамруулж байгаа юм. Гэвч залуучуудын эрүүл мэнддээ анхаарах идэвх оролцоо сул байгаагаас шалтгаалан 25-нд дуусгавар болох байсан аяныг 6 сарын 1 хүртэл сунгаад байна.

Өвөрхангай Б.Батчимэг

相关新闻