“Pfizer” компанийн вакциныг Их Британи энэ сард бүртгэж магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЛОНДОН. /TASS/. Америкийн “Pfizer” компани болон түүний герман түнш “BioNTech” компанийн коронавирусний вакциныг хэрэглэх зөвшөөрлийг Их Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлаг энэ сарын 29 гэхэд өгч магадгүй гэж “The Daily Telegraph” сонин тус улсын Засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Эх сурвалжуудын хэлж буйгаар, Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба дээрх агентлагаас зөвшөөрөл өгсөн тохиолдолд 12 дугаар сарын 1-нээс хүн амаа вакцинжуулж эхлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Эхний ээлжинд вакциныг эмч нар, мөн өндөр настны асрамжийн газрын хүмүүст хийхээр төлөвлөж байна. Дараа нь 12 дугаар сарын дундуур 80-аас дээш насны хүмүүсийг вакцинжуулж эхлэх бол оны эцсээр 70-аас дээш насныхны ээлж ирнэ. 50-аас дээш насны иргэд нэгдүгээр сард вакцин хийлгэх боломжтой болно. Харин үлдсэн хүмүүст вакциныг ирэх хавраас л хийхээр төлөвлөж байгаа аж.
Коронавирусний эм бэлдмэлийг гарган авах ажлын явцыг түргэтгэх төрийн хөтөлбөрийн хүрээнд эрдэмтдийн багийг ахалж байгаа Америкийн дархлаа судлаач Монсеф Слауи ням гарагт “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө, коронавирусний вакцинжуулалтад АНУ-ын иргэдийг 12 дугаар сарын 11 -нээс хамруулж эхэлж магадгүй гэж мэдээлсэн байна. Түүний хэлснээр, АНУ-ын Хүнс, эмийн чанарт хяналт тавих газар “Pfizer” болон “BioNTech компанийн вакциныг тус улсад бүртгүүлэх хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд америкчуудыг вакцинжуулж эхлэх аж.
“Pfizer” болон “BioNTech” компаниас 40 сая тун вакцин худалдан авах урьдчилсан гэрээ байгуулснаа Их Британийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Вакциных нь эмнэлзүйн гурав дахь шатны туршилт амжилттай болсон тухай тус компаниуд 11 дүгээр сарын 9-нд мэдээлсэн билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, одоогийн байдлаар коронавирусний вакцин гарган авах 170 орчим төсөл хэрэгжиж байна.
Их Британид коронавирусний халдвар авсан хүний тоо ням гарагт 1.5 сая давж, 55 мянга гаруй хүн нас баржээ.