Сүхбаатар суманд 9772 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 20-ны
өдрийн ээлжит мэдээллийг
аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил, Сэлэнгэ
аймагт мэргэжил арга
зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа Монгол Улсын Онцгой комиссоос
баталсан Шуурхай бүлгийн ахлагч Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой
комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нар өглөө.
Засаг дарга Ш.Оргил нөхцөл
байдлын үүднээс аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлаа
тоймлон танилцууллаа. Тэрээр: ”Бид ард иргэдийнхээ
амгалан тайван байдлыг хангах үндсэн зорилгын дор үүссэн нөхцөл байдалд
уялдуулан зохицуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна гэлээ.
Үүнд:
-Улсын
онцгой комиссын шийдвэрийн дагуу хамгийн түрүүнд хөл хорионы хатуу дэглэмд
шилжиж, иргэд 90 хувийн дэглэмийн гүйцэтгэлтэй байна.
-Сүхбаатар
сумын болон хилийн боомт дахь Алтанбулаг сумын нийт хүн амыг түргэвчилсэн
оношлуураар оношлох ажлыг эхлүүлэн гурав дахь өдрөө үргэлжилж
байна.
-Мөн
олон ажилтан албан хаагчтай, ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаа Цагдаа,
Онцгой, Гааль, Цэргийн ангиуд, Төмөр зам, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ
болон арын албанд ажиллаж байгаа нийт алба хаагчдыг эрт илрүүлгийн
оношилгоонд тогтмол хамруулж байна.
-Иргэдэд эрүүл мэндийн заавар зөвлөмж өгөх тусгай дугаарын утсуудыг 24 цагаар ажиллуулж байна.
-Сүхбаатар суманд эмийн сангийн хүргэлтийн үйлчилгээг
хувийн хэвшлийн 2 эмийн сангаар дамжуулан 24 цагаар үйлчилж байна.
-Сүхбаатар
сумын ундны ус түгээх худгуудаас гэр хорооллын иргэд үнэ төлбөргүй усаа авах
зохицуулалтыг хийлээ.
-Аймгийн
төвийн хэмжээнд түлээ, нүүрсийг захиалгын дагуу хүргэлтээр хүргэх үйлчилгээг
өнөөдрөөс эхлүүлж байна.
-Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос аймгийнхаа 17 сум, 6
тосгоны хүнсний нөөцийг бүрдүүлэх, хангамжийг тасалдуулахгүй байх,
аймгийн хэмжээнд өрнүүлж буй “Идэш” арга хэмжээг сум суманд хэрхэн зохион
байгуулах, сумдад тулгарч буй асуудлуудад гарц шийдэл олох үүднээс 17 сумын
Онцгой комисстой цахимаар холбогдож, үүрэг чиглэлийг өглөө.
-Аймгийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт
тогтоосон 31 хяналтын цэг, Сүхбаатар сумаас орж, гарах тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнд хяналт тавих 15 цэг, хөдөлгөөнт эргүүлийн 53 чиглэл, гэрийн
тусгаарлалтын хамгаалтад нийт 409 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
-Тусгаарлах 12 байранд 239 иргэн, гэрийн
тусгаарлалтад 44 нийт 283 иргэн байна. Тусгаарлах байрны хамгаалалтад
Цагдаа, Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
-Сүхбаатар сумын 8 багийн 9 цэгт иргэдээс
сайн дурын шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар
9772 иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна. Шинжилгээ авах ажил одоо ч үргэлжилж байгаа тул шинжилгээнд хамрагдаагүй иргэн та
гэрийнхээ хамгийн ойрын цэгт очиж шинжилгээгээ өгөх таны
үүрэг гэдгийг онцгойлон сануулъя” хэмээлээ.