С.Оюунцэцэг: Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс буурсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-21 14:05:05

Төв /МОНЦАМЭ. Төв аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Төв аймгийн амбулаторийн үзлэгийн мэдээллийн талаар яриагаа эхэлье?

-Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторид 2020 оны эхний 10 дугаар сарын байдлаар нийт 95640 үзлэг бүртгэгдсэн байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 39176 буюу 41,0%, өвчний учир үзлэг 51824 буюу 54,2%, идэвхтэй хяналт 4640 буюу 4,9%, тус тус эзэлж байна. Харин нийт түргэн тусламжийн дуудлага 4894 бүртгэгдсэн байгаагаас алсын дуудлага 69 буюу 1,4%, осол гэмтлийн дуудлага 119 буюу 2,4%-ийг эзэлж байна. Мөн халдварт өвчний дуудлага 19 байна.

-Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн утсанд ирж байгаа дуудлагын зонхилох хувийг ямар дуудлага эзэлж байна вэ?

-Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн утсанд ирж байгаа дуудлагын зонхилох хувийг даралт ихсэх, амьсгалын замын өвчлөл, ходоод гэдэсний хямрал, хавдар, зүрх судасны өвчлөл эзэлж байна. 2020 оны эхний 10 сарын байдлаар нийт 5716 хүн хэвтэн эмчлүүлж, 4471 ор хоног ашигласан.

-Томуу болон томуу төст өвчний өвчлөл хэр байгаа вэ? 

-Төв аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар томуу болон томуу төст  өвчний тохиолдол 453 бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 53,6 хувиар буурсан байна. Хүүхдийн тасагт энэ оны эхний 10 сарын байдлаар 448 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 11 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 7 хүүхэд томуу болон томуу төст өвчин, амьсгалын замын өвчлөлийн шалтгаантай байна. Энэ нь хорио цээрийн дэглэмийн үед хүүхдүүд гэртэй байгаа бол эцэг эхчүүдийн анхаарал халамж сайн байна гэж үзэж байна.

-Коронавирусний батлагдсан тохиолдол өдөр бүр нэмэгдэж байна. Төв аймгийн хувьд нөхцөл байдал ямар байгаа болон нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлж ямар ажил хийж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Төв аймагт сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Нэгдсэн эмнэлэг 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй “Ковид-19” цар тахлын бэлэн байдлын хангах төлөвлөгөөг гарган нийт эмч, ажилтанд сургалт хийн бэлэн байдлыг хангасан. Эмнэлгийн ажилчдын дунд чадавхжуулах сургалтыг хэсэг бүлгээр нь зохион байгуулж байгаа. Мөн иргэдийн дунд 9 асуулттай асуумж судалгаа явуулахад иргэдийн гараа угаах мэдлэг дадал доогуур байсан ба энэ талын сургалт мэдээлэл явуулж байна. Мөн сануулах хуудас болон зурагт хуудсыг байршуулан ажиллаж байна. Нэгдсэн эмнэлэг пэйж хуудас /tuvemneleg.mn/ болон фэйсбүүк цахим хаягаараа ХӨСҮТ болон ЭМЯ-ны мэдээллийг долоон хоног бүрээр нь түгээж байна. Хэрэв өвчлөл гарвал өвчний тархалт, өвчлөлөөс шалтгаалан ажиллах хүний нөөцөө хуваарилсан. Эхний ээлжинд халдварт болон эрчимт эмчилгээний тасгийг нөхцөл байдлаас шалтгаалан ажиллуулахаар төлөвлөсөн байгаа. 

-Нэгдсэн эмнэлгээс "Эераг хандлага-Эмчилгээний эхлэл" 3 сарын эян эхлүүлсэн. Уг аяны хүрээнд хийж буй ажлуудаас дурдвал?

- Аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” 3 сарын аянг 8 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү аяны хүрээнд дараах ажлуудыг хийсэн. Тодруулбал “Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, чанарын бодлого мэдэх, тасгийн уриа, зорилгыг тодорхойлох, таниулах”  үйл ажиллагаа, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай” А/406 тоот тушаалын хоёрдугаар хавсралтын дагуу үйлчлүүлэгчийн ёс зүйн хэм хэмжээний талаар шторк бэлтгэх уралдааныг нийт тасгийн дунд зарлан, шалгарсан шилдэг 3 шторкыг сонгож, Зуунмод суманд байрлах 14 албан байгууллагаар сургалт зохион байгуулсан. Мөн тасаг бүр аяны хугацаанд хандлага, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах  чиглэлээр 54 бүтээлч ажлыг санаачлан, 10,9 сая төгрөгийг зарцуулан хэрэгжүүлэн ажиллажээ.

-Энэ жил Нэгдсэн эмнэлэгт бүтээн байгуулалтын олон ажлууд эхлүүлсэн. Одоо ямар ямар ажлууд хийж байгаа вэ?

-2020 онд  Нэгдсэн эмнэлэг бүтээн байгуулалтын олон ажил төлөвлөсөн. Үүнээс дурдвал, Аймгийн Засаг даргын нөөц сангаас 180 сая төгрөгийг шийдэж, угаалгын байр шинээр барьж байна. Мөн ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 150 сая төгрөгийг шийдвэрлүүлж яаралтай тусламж, түргэн тусламжийн өргөтгөл, урсгал засварын ажил хийж байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслөөр аймгийн нэгдсэн эмнэлгийн  төвлөрсөн ариутгалын тасагт их засвар хийж орчин үеийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлж,  эмч, мэргэжилтэнд давтан хэрэглэх багажны халдваргүйтгэл, ариутгалын ажлын байрны сургалтыг зохион байгуулахаар болсон. Үүний хүрээнд цахилгаан хангамжийг нэмэгдүүлэхэд аймгийн Засаг даргын нөөц сангаас 30 сая төгрөгийг шийдвэрлүүлж, цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна.

-Мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа.

  

相关新闻