Ш.Оргил: Эцэг, эх хөл хорионд орсон 10 өрхийн 17 хүүхдийг түр асран хамгаалагч нарт хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2020 оны 11-р сарын
19-ний өдрийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Мэдээллийн эхэнд аймгийн Засаг
дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил иргэддээ хандаж
зайлшгүй шаардлагатай анхааруулж,
уриалж, тодотгож хэлэх зүйлээ хүргэлээ.
Тэрээр: “Улс даяар
бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоон, хөдөлгөөнийг хатуу
хориглосон байхад онцын шаардлагагүй бол гэрийн хүрээнд улс, аймаг, сумын
Онцгой комиссын шийдвэрийг биелүүлэх. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 28 тохиолдол
батлагдчихаад байна. Иймээс бид энэ тархалтыг зогсоох, хумьж авах үүднээс гэрийн
хорио дэглэмээ сайтар сахиад, гадуур явахгүй байхыг хатуу анхааруулж, сануулж
байна. Зөвлөмжид заасны дагуу ариутгал, халдваргүйтэлийг
сайтар хийж, хамгаалах. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод энэ аюулт өвчний
голомт батлагдсан тул иргэн бүр ухамсарт үүргээ чанд сахиж, өндөр сахилга
баттай байж, бусад аймгаас Сүхбаатар, Алтанбулаг сум руу хориотой хугацаанд
онцгой шаардлагагүй бол зорчих хөдөлгөөн хийхгүй байх. Сум
хооронд хөдөлгөөнийг хориглосон байгаа" хэмээн
анхаарууллаа.
11 дүгээр 19-ний өдрийн 11.00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон 31 хяналтын цэгүүдэд тусгай чиг үүргийн байгууллагын 400 гаруй албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Мөн тусгаарлах 11 байранд 229 иргэн, гэрийн тусгаарлалтад 35 нийт 264 иргэн байна.
Бидний
ажлыг дэмжиж хамтран ажиллахаар анхны тохиолдол илэрсэн үеэс эхлэн Батлан хамгаалахын сайд,
бригадын генерал Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын баг ирж ажиллаж байна.
Сүхбаатар, Мандал
өртөө, Хөтөл зангилааны нийт 850 ажилтан, албан хаагч мөн Сүхбаатар, Алтанбулаг суманд
түргэвчилсэн оношлуураар 7173 хүнийг хамруулаад байна. Шинжилгээг үргэлжлүүлэн хийж байгаа учраас та бүхэн халдвар хамгааллын дүрмээ сайтар баримтлаад очиж
хамрагдахыг хүсэж байна.
Хөдөлгөөнт эргүүлийн
чиглэлээр Сүхбаатар суманд холбогдох байгууллагуудын 52 албан хаагч ажиллаж
байна. Эцэг, эх нь Улаанбаатар хот болон бусад суманд хөл хорионд орсон 10
өрхийн 17 хүүхдийг түр асран хамгаалагч нарт хүлээлгэн өгч, хүнсний дэмжлэг
хүссэн 18 өрхийн судалгааг гарган хүнс хүргэх ажлыг хийж байна.
Ариутгал халдваргүйтгэлийн
хувьд Сүхбаатар сумын 82 байгууллага, ААН-ийн 105.8 мянган м2 талбай, бусад суманд
нийт 7.9 мянган м2 талбай, аймгийн хэмжээнд нийт 152.9 мянган м2 талбайг
ариутган халдваргүйжүүлээд байна. Энэ мэтээр халдваргүйжүүлэлт, ариутгалын
ажлыг тогтмол хийж байна.
Аймгийн хэмжээнд
нийт 106 хүнсний дэлгүүр, үйлчилгээний газрууд үйлчилгээ үзүүлж байна. Үүн дээр
дахин анхааруулж хэлэхэд, иргэд маань хүнсний хомстолд орлоо, үнийн хөөрөгдөл
болох вий гэсэн айдаст автахгүй байхыг анхааруулья. Бид энэ тал дээр бүх
зохицуулалтыг хийж, анхаарч ажиллаж байгаа гэдгийг онцгойлон хэлье гэлээ.