Ш.Оргил:Одоо бидэнд амралтын цаг гэж байхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн
Онцгой комисс 17 сумтай цахим хурал зохион байгууллаа. Цахим хуралд аймгийн
Онцгой комиссын гишүүд, сумдын удирдлагууд, ХАА-н тасгийн дарга нар хамрагдлаа.
Хурлын эхэнд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил аймгийн нөхцөл байдлын
мэдээг танилцуулж, цаашид
авч хэрэгжүүлэх, анхаарч ажиллах асуудлууд дээр үүрэг чиглэл өглөө. Үүнд:
-Бүх
нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы
хатуу дэглэмийг баримталж, иргэдийн хөдөлгөөнийг орон нутагт хязгаарлах,
-Хүнсний хангамжийн асуудлыг орон нутагт бүрэн шийдвэрлэж,
мах нийлүүлэлтийн хүрээнд аймгаас зохион байгуулах “Идэш” арга хэмжээг хариуцлагатай хэрэгжүүлэх,
-Сумын Онцгой комиссын дэргэдэх шуурхай штабыг 24 цагаар тогтмол ажиллуулж, мэдээ тайланг тухай бүр аймгийн Шуурхай штабт тайлагнаж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн аймгийн Онцгой комиссын даргын зүгээс мах нийлүүлэлтийн асуудал дээр сумдын Хөдөө аж ахуйн тасгууд
өндөр ач холбогдол өгч, халдвар хамгааллын дэглэм дор ажиллах хэрэгтэйг тодотголоо. Энэ хүрээнд малчдаас борлуулах малын судалгааг нарийвчлан
гаргаж, их хэмжээгээр борлуулах бол аймгийн зүгээс Улаанбаатар хот, бусад
аймгийн зах зээлд гаргах ажлыг зохион байгуулж өгнө гэдгээ мэдэгдлээ.
Мөн нийт сумдын удирдлагуудад ахмад настан, хүүхэд,
залуучуудад зориулсан дасгал хөдөлгөөнийг цахим орчинд зохион байгуулах, алба
үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын хамгаалах хувцас хэрэглэлд
анхаарах. Түүнчлэн иргэдийнхээ
түлээ түлшний асуудлыг шийдвэрлэж, гэр бүл ахуйн хүрээн дэх архидалт, гэр
бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүд зэрэгт хяналт тавих. Анги удирдсан багш нар сурагчидтайгаа цахимаар холбогдож эргэх холбоотой байхыг чиглэл болголоо.
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил нийт сумын
удирдлагуудад хандаж, “Одоо та
бидэнд амралтын цаг гэж байхгүй гэдгийг онцгой анхаараарай” хэмээн хэллээ.