Төв аймгийн хэмжээнд 35 цэгт хяналтын пост 24 цагаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/562 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Төв аймгийн хэмжээнд 35 цэгт хяналтын пост 24 цагаар ажиллаж байна.
Энэ хүрээнд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр аймгийн төвд 7 чиглэлд 15 алба хаагч 24 цагаар ажиллаж байна. Түүнчлэн одоогийн байдлаар аймаг дотроо болон сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй байгаа учир аймгийн төвөөс гарах баруун болон зүүн чиглэлийн Өндөр дов, Зөрлөгт хоёр пост ажиллаж аймаг, сум хооронд зорчиж байгаа иргэдийн халууныг үзэж, амны хаалт зүүх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулан ажиллаж байгаа. Харин Лүн, Баянчандмань, Эрдэнэсант, Борнуур, Эрдэнэ, Баян зэрэг чиглэлд хяналтын 9 пост ажиллаж байгаа гэж аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Н.Доржбалжид хэллээ.