Хүнсний хомсдол үүсэхгүй тул хэт ихээр нөөцлөхгүй тайван байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-12 23:11:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ”Ард иргэд та бүхэн хүнсний хомсдол үүснэ гэдэгт санаа зоволтгүй байж болно” хэмээн аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил мэдэгдлээ.

Тэрээр: -Бид худалдааны төв супермаркетуудаа ажиллуулна. Гаднаас орж ирэх хүнсний барааны татан авалтаа хэвийн явуулна. Гэхдээ өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай хамааруулаад халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргийн өндөр түвшинд барьж ажиллана. Энд амны хаалт, нэг удаагийн резинэн бээлий, 2м-ийн зай барих дэглэмүүдийг үйлчилж байгаа болоод үйлчлүүлэгч нараас ягштал шаардана. Мөн энд хугацаа дууссан, чанарын шаардлага хангахгүй байгаа бараан дээр хяналт тавин ажиллах учраас иргэд та бүхэн бухимдалгүй, сэтгэл тайван байж болно. Хамгийн гол нь та бүхэн гэртээ хүн оруулахгүй, өөрсдөө айлд зочлохгүй байх нь нэн чухал байна. Иргэд та бүхнийгээ өөрсдийгөө тусгаарлаж, амны хаалтаа тогтмол зүүж, эрүүл мэндийн байгууллагуудын заавар зөвлөмжийг дагаж мөрдөн, хариуцлагатай байхыг анхааруулж байна” гэлээ. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний хомсдол үүсэхгүй тул хэт ихээр нөөцлөхгүй тайван байхыг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох мах 13.85 тонн, гурил 1070.17 тонн, гурилан бүтээгдэхүүн 36.74 тонн, төрөл бүрийн будаа 64.15 тонн, хуурай сүү 8.4 тонн, өндөг 1.32 тонн, ургамлын тос 99.56 тонн, төмс 3148.36, хүнсний ногоо 1782.88 тонн, элсэн чихэр 17.74 тонн, давс 16.65 тонн, савласан цэвэр ус 23.29 тонн нөөцтэй байгаа аж. 

相关新闻