Өмнөговь аймаг орох гарах бүх хөдөлгөөнийг хаагаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл Өмнөговь аймаг руу орох, гарах бүх хөдөлгөөнийг хаагаад байна.
Тус аймгийн Онцгой комисс шөнийн 01:30 цагт хуралдаж, Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийг аймгийн хэмжээнд мөрдөж ажиллахыг бүх шатны төрийн байгууллагуудад үүрэг болгож төрийн бус байгууллага, ард иргэдийг мөрдөж ажиллахыг хичээнгүйлэн хүслээ.
Улсын Онцгой комисс болон Засгийн газраас 5 хоногийн хугацаанд хөл хорионы хатуу дэглэм тогтоосныг албан ёсоор зарласантай холбогдуулан аймгийн хэмжээнд зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг мөн хаасан юм. Үүнтэй холбогдуулан хүнс хангамж, эрүүл мэндийн үйл ажиллагаа, нүүрс тээвэр, шатахуун, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанд аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл олгож ажиллахаар болжээ. Мөн төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, тухайн байгууллагууд дотоод зохион байгууллалтын дагуу нэн шаардлагатай үүрэг гүйцэтгэх ажилчдаа ээлжээр ажиллуулах юм. Үүнд банк, эрчим хүч, дулааны цахилгаан станц, эмнэлэг, эмийн сан, ус хангамжийн газрууд, хүнсний зах, дэлгүүрүүд, шатахуун түгээх станц, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад албан байгууллага, хувийн хэвшил, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй, хязгаарлалтын горимд шилжүүллээ.