Өндөр эрсдэл дунд ажиллаж байгаа алба хаагчиддаа анхаарал хандуулахыг үүрэг болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос нийт ард иргэддээ амны хаалтаа тогтмол зүүж, ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийж, илүү их сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Тус аймгийн Онцгой
комиссын ээлжит хуралдаан өнөөдөр хоёр ч удаа
хуралдаж, Улсын Онцгой комиссын шийдвэр, аймаг орон нутагт авч
хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлуудыг ярилцлаа. ОХУ-ын Буриад улсын Хиагтын районоос Алтанбулаг
боомтруу орохоор Олон улсын ачаа тээврийн 100 гаруй машин хүлээгдэж байгаа тул бэлтгэл
бэлэн байдал, халдвар хамгааллын дэглэмээ өндөр түвшинд байлгаж, эдгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр мэргэжлийн
байгууллагынхан ажиллаж байгаа аж.
Улсын Онцгой комиссоос тус боомтыг 11 дүгээр сарын 16-ны
өдрөөс эхлэн хоёр сараар
хаах саналыг Засгийн газарт оруулсан юм. Хараахан 16-ны
өдөр болоогүй байгаа учраас ачаа
тээврийг нэвтрүүлэх ажлыг Сэлэнгэ аймгийн
мэргэжлийн байгууллагын алба хаагчид гүйцэтгэхээр ажилаж байна. Өнөөдөр буюу 11-ний өглөөний байдлаар Алтанбулаг боомт дээр хоносон 27 тээврийн
хэрэгслээс хоёр жолооч
өөрсдийн хүсэлтээр буцжээ. Харин 25 тээврийн хэрэгслийн жолоочийг шинжилгээнд хамруулахад нэг хүнээс коронавирусний халдвар илэрч, ХӨСҮТ-д хүргэгдсэн байна. Алтанбулаг
боомтоор орж ирж байгаа олон улсын ачаа тээврийн жолооч нараас илрэх халдварын
тоо өдөрт 2-3 болж
нэмэгдэж байна. Иймээс энд
ажиллаж байгаа алба хаагчид, ард иргэдээ нэн тэргүүнд тавьж, эрүүл мэнд аюулгүй байдлыг нь бодмоор байна
гэдгээ Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил онцлон
тэмдэглэж хэллээ. Мөн тэрээр өндөр эрсдэл дунд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа алба
хаагчиддаа бүхий л анхаарлаа хандуулж ажиллахыг байгууллагын удирдлагуудад
үүрэг болголоо.
Мөн тусгай горимоор ажилладаггүй төр, төсвийн байгууллагуудын
албан хаагчдыг гэрээс нь цахимаар ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зохион
байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг байгууллагын удирдлагуудад даалгав. Аймгийн Онцгой комиссоос нийт ард иргэддээ онцын шаардлагагүй
бол гэрээсээ гарахгүй байх, хүүхдийг дэлгүүр хоршоо руу явуулахгүй, гадуур
гаргахгүй байхыг анхааруулж, амны хаалтаа тогтмол зүүн илүү их сонор сэрэмжтэй,
анхаарал болгоомжтой байж ариутгал халдваргүйжүүлэлтийг хувьдаа, ар гэртээ,
байгаа орчиндоо хийж чанад сахиж мөрдөхийг уриаллаа.