Шинэ хурлын ажлын баг Онцгой байдлын байгууллагын нөхцөл байдалтай танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-11 09:37:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяагаар ахлуулсан ажлын баг аймгийн Онцгой байдлын газрын ажил байдалтай газар дээр нь танилцан ажиллажээ.

Орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон шинэ хурлын ажлын багт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Мөнхдорж, А.Мөнхтуяа, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Оюунболд, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батнасан нар багтжээ.

Аймгийн Онцгой байдлын газар гал унтраах 36 дугаар анги, эрэн хайх аврах анги,  Мандал, Баянгол, Сайхан сумын гал унтраах анги, Хүдэр сумын эрэн хайх аврах ангитайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 2020 он гарсаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 19 удаагийн ойн түймэр, 119 удаагийн объектын түймэр, долоон удаагийн усны ослын дуудлагад ажилласан байна. Мөн тус байгууллагын зүгээс дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеийн онцгой нөхцөл байдалд бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран албан үүргээ гүйцэтгэж байгаа олон улсын чанартай авто зам дагуух Сүхбаатар, Баянгол сумын алба хаагчдаа зохион байгуулж томуугийн вакцинд бүрэн хамруулсан гэв.

Мөн аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд яаралтай зохион байгуулах ажил арга хэмжээний талаар хоёр ч хүсэлтийг хүргүүлээд байгаа аж. Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Нарантуяа: “Онцгой нөхцөл байдалд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдыг томуугийн вакцинд бүрэн хамруулах асуудлыг холбогдох яам, ЭМГ, Засаг даргад хандан хүсэлт хүргүүлнэ гэдгээ хэллээ. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хандсан хүсэлтийг шийдвэрлэж өгнө” гэдгээ илэрхийлжээ. 

相关新闻