Ч.Баяртогтох: Малчид мал, мах тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээгүй явж байгаа зөрчил их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-10 16:03:54

Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт хэрэгжиж буй “Мал, мах” нэгдсэн арга хэмжээний талаар аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, Цагдаагийн ахмад Ч.Баяртогтохтой ярилцлаа.


-Аймгийн хэмжээнд мал, мах нэгдсэн арга хэмжээг хэзээнээс эхлүүлсэн бэ?

-Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эзэн холбогдогч тогтоогүй хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд “Мал мах” нэгдсэн арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 15-наас өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

-Тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Цагдаагийн газраас ямар ямар ажлууд хийж байгаа  вэ?

-Төв аймаг дахь Цагдаагийн газраас Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнд хяналт тавих байнгын гурван пост, хулгайн гэх зам дагуу таван постод алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Эргүүл шалгалт гарч ажиллахаас гадна аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэгийн газартай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мах боловсруулах үйлдвэр, мал нядалгааны цэгүүдэд шалгалт хийлээ. Мөн “Хустайн байгалийн цогцолбор газар”-ын хамгаалалтын захиргаа, Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумын малчдын бүлэгтэй хамтран эргүүл, шалгалтын ажлыг зохион байгуулж байна. 

-Хяналт шалгалтаар зөрчил гарав уу?

-Өмнөх оны энэ үед мал хулгайлах 9 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол “Мал мах” нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш Төв аймгийн нутаг дэвсгэрт мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдээгүй байгааг арга хэмжээний хүрээнд үр дүнтэй ажиллаж байна гэж үзэж байгаа. Мөн хулгайн замд шөнийн цагаар эргүүл хийснээр малын хулгайн 1 гэмт хэрэг илрүүлэн, зээр агнах зорилготой явсан гэх 4 этгээдийн үйлдлийг таслан зогсоож, бичиг баримтгүй авч явсан галт зэвсэг, 38 ширхэг сумыг хурааж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 

-Илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгахаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Малчид мал, мах тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээгүй явж байна, эсхүл утсаар яриад авчихсан гээд гарал үүслийн гэрчилгээний дугаарыг тэмдэглээд авчихсан байгаа ч шалгаж үзэхээр гэрчилгээ нь баталгаажаагүй, хүчинтэй хугацаа дууссан, малын тоо зөрүүтэй зөрчил их байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн, борлуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Тиймээс шалгах үед гэрчилгээгүй явж байсан бол бид хуулийн дагуу арга хэмжээ тооцож байгаа. Утсаар яриад авчихсан гэх малчдын гарал үүслийг үнэн эсэхийг бид харъяа сумын хэсгийн төлөөлөгч, малын эмч нартай нь холбогдож тодруулаад гарал үүслийг нь баталгаажуулсны дараа явуулж байна.

Удахгүй идэшний мал, махны тээвэрлэлт хөдөлгөөн нэмэгдэх тул малчид мал, махны гарал үүслийн гэрчилгээг авч явах шаардлагатайг анхааруулмаар байна. 

-Төв аймгийн 27 суманд хэдэн мах боловсруулах үйлдвэр болон мал нядалгааны цэг үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Төв аймгийн нутаг дэвсгэрт мах боловсруулах үйлдвэр 4, мал нядалгааны 5 цэг үйл ажиллагаа явуулж байна.

-Энэ оны 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэргийн зөрчил, илрүүлэлтийн талаар мэдээлэл хүргэвэл?

-Энэ онд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 55 холбогдогчтой 8 бүлэг этгээдэд холбогдох 50 удаагийн үйлдлээр бусдын адуу 192, үхэр 47, нийт 239 толгой бод мал хулгайлан бусдад 252,348,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөн энэ оны 10 сарын байдлаар малын хулгайн 97 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 82 нэгжээр буюу 45,8 хувь буурсан, хэргийн илрүүлэлт 35,6 хувьтай, өмнөх оноос 16,7 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

- Иргэддээ анхааруулж хэлэх зүйл бий юу?

-Малын хулгайчид сүүлийн үед бод малыг өдрийн цагаар бэлчээрт нядлах тохиолдол гарч байна. Тэгэхээр шөнийн цагаар гэлтгүй өдрийн цагаар ч бод малыг хариулга маллагаатай байлгах шаардлагатай. Хүүхдийн хичээл сургууль эхлэхээр сумын төв, аймагт амьдарч, малаа хүнээр харуулдаг малчид их болсон. Хүнд өмч хөрөнгөө үлдээхдээ хариуцлагатай хандахгүй бол зөвхөн малаа төдийгүй хамаг юмаа алдчихаад нэр усыг нь ч мэдэхгүй үлдэж байна. Тиймээс малчид малаа оройд татаж авч байгаа нь мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Сонор сэрэмжтэй, хариуцлагатай, айл саахалтаараа санаа нэг байж чадвал мал сүргээ хамгаалж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна. Гэтэл харамсалтай нь бүгд л мянгат малчин болох хүсэлд автаж худаг ус, бэлчээрийн маргаантай байдлаа зохицуулж чадахгүй, бие биенийхээ малыг уул гүвээ давуулан холдуулах, эрүүл мэнд, амь насанд халдах тохиолдол байсаар байна. Мөн адуундаа GPS суурилуулж, тамга тэмдэгтэй болговол учирч болох эрсдэлээс сэргийлнэ.

-Аймгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас цаашид ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл чангарсан талаар цахим орчноор дамжуулан сурталчлах ажлыг их хийсэн. Одоо малчид “ял нь чангарсан юм чинь гайгүй биз” гэх хандлага гаргаж адуу малаа оройдоо татаж авахгүй хандлагатай болж байна. Тиймээс цаашид малчдын оролцоотой урьдчилан сэргийлэх ажлыг илүү хийхээр ажиллаж байна.

-Мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

相关新闻