ЗТХ-ийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица,
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга
Н.Гэрэлт-Од, газрын дарга Д.Нарантуяа, ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн
хурандаа Ж.Амгалан болон холбогдох
албаныхан
оролцож байна.
Өнөөдөр хоёр
дахь удаагаа хуралдаж буй энэхүү өргөтгөсөн хурлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг автозамын шалган
нэвтрүүлэх боомтыг түр хаах асуудлыг
дахин хөндөн ярилцаж байна. Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан
155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа
иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч
байгаа аж. Эдгээр нь Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан
тохиолдлын 43.6 хувийг эзэлж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол
Улсад нэвтэрч байгаа ачаа тээврийн жолооч нарын шинжилгээгээр сүүлийн 15 хоногт
14, зургаа хоногт зургаан тохиолдол батлагдаад байгаа нь хамгийн том
эрсдэл болж байгаа юм. Алтанбулаг боомтын үйл ажиллагааг
түр хугацаагаар хаахыг дээд шатны байгууллагад уламжилсаар байгаа. Энэ ч
утгаараа эрсдэл дагуулж, хөдөлгөөний бөөгнөрөл үүсээд байсан Алтанбулагийн чөлөөт бүсийг түр хугацаагаар хаагаад байгаа.
Аймгийн Онцгой комиссын гишүүн, аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од:”Ачаа тээвэр хийж байгаа жолооч нар өглөөний 8.00-20.00 цагт Монгол улсын хилээр орж, Алтанбулаг боомтын хилийн улаан бүсэд машин дотроо байрладаг. Орой 18.00-22.00 цагийн хооронд аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборант очиж шинжилгээ авч байгаа гэж мэдээлэлдээ дурдсан. Харин Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил:”Алтанбулаг боомтын шалган нэвтрүүлэх хэсэгт өдөрт 30-40 зарим үед түүнээс дээш автомашин нэвтэрч байгаа. Энд цэвэрлэх байгууламжийн асуудал, ачаа тээвэрлэлт дээр ажиллах хүний нөөц хүрэлцээ муу байгаа. Хэрвээ ирж буй ачааг сэлгэн ачихаар бол тэнд ажиллах багаар бодоход 150 хүний халдвар хамгаалал, хувцас хэрэглэлээ солих, өмсөх асуудал яригдана. Иймээс ийм эрсдэлтэй нөхцөлд өргөн хэрэглээний биш бараа бүтээгдэхүүнийг заавал хилээр нэвтрүүлэх шаардлага байна уу. Хилээр чипс, бохь, зайрмаг, тахианы мах, гахайн мах, хатаасан жимс зэрэг бүтээгдэхүүн ихэвчлэн орж ирж байна. Эдгээр бүтээгдэхүүний төлөө бид ийм их эрсдэл үүрэх хэрэг байна уу? Бид бараанд биш, тэнд ажиллаж байгаа хамгийн түрүүнд нүүр тулан ажиллаж байгаа төрийн алба хаагчдаа, иргэдээ, улс орны аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарах ёстой. Энэ ажилд өдөрт 10 орчим сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөцөөс зарцуулж байгаа. Ингээд бодоход сард 300 гаруй сая төгрөгийг зарцуулж байна. Энэ бол мөнгө. Их мөнгө. Иймд аймгийн онцгой комиссоос Алтанбулагийн боомтыг түр хаах саналыг УОК-д удаа дараа хүргүүлж байна” гэв. Хуралд оролцож буй ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, “Сэлэнгэ аймгийн Засаг даргын баг тохиолдол удирдлагын тогтолцоог маш сайн бүрдүүлж, нөхцөл байдлыг сайн үнэлжээ. Дэлхий нийтээр хоёр дахь давалгаа эрчимтэй явж байна. Танай хойд хөрш ОХУ-д ихээхэн эрсдэл үүсэж байна. Иймээс бид аргаа шинэчилж, дэмжлэг туслалцаагаа нэмэн, тактикаа өөрчлөх шаардлагатай болж байна гэлээ.
Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Бид хилийн
боомтууддаа анхаарал хандуулах ёстой учраас өнгөрсөн сард Сэлэнгэ аймагт
Молекул биологийн лабораторийг байгуулан PCR болон Gene expert суурилуулсан. Эрсдэлийн,
халдвар хамгааллын бүх талын тооцооллыг хийсэн. Судалгаагаар Алтанбулагийн
боомтоор олон нийтийн хүнс, ахуйн хэрэглээнд сөргөөр нөлөөлөхгүй бараа,
бүтээгдэхүүнүүд орж ирж байна гэж үзсэн. Иймээс эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус
боомтыг түр хугацаанд хаах саналыг дэмжиж байна. Нөхцөл байдал улам хүндэрч байна. Бид цаг
алдахгүй байх нь чухал шүү гэдгийг
онцолсон.
Өнөөдөр болж буй эл өргөтгөсөн хуралд Улсын Онцгой комиссын зарим гишүүд
холбогдох албаныхан
оролцож, УОК-д хүргүүлэх хүсэлтэд өөрсдийн хийсэн ажлын
дүгнэлтээ хавсарган өгөхөөр хоёр дахь өдрөө ийн Алтанбулагийн АЗШНБ-д ажиллаж
байгаа юм.



