Төрийн албаны ерөнхий шалгалтад эхний өдөр 20 иргэн тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зохион байгуулж буй Төрийн
албаны Ерөнхий шалгалтыг өндөржүүлсэн бэлэн
байдлын түвшинд Сэлэнгэ аймаг амжилттай зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд уг шалгалтад нийт 472 иргэн бүртгүүлжээ. Шалгалтын эхний өдөр буюу энэ сарын 6-нд 105 иргэн шалгалт өгөхөөс 83 иргэн шалгалтаа өгч, ирц 79.04 хувьтай байв. Эдгээр 83 оролцогчоос 20 иргэн тэнцэж, 24.1 хувьтай байна. Сэлэнгэ аймаг уг шалгалтыг тав таваар буюу 15 ээлжээр гурван өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган эхлүүлээд байгаа. Энэ жилийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжсэнтэй уялдуулан хил орчмын бүсийн хувьд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдлын түвшинд шалгалтыг зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.
Энэхүү шалгалтын талаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн
дарга Ө.Сувдаа: ”Бид аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуул
болон Эрүүл мэндийн байгууллагын ажилчидтай хамтран ариутгалын ажлыг нэлээд
өндөр түвшинд зохион байгуулж байна. Шалгалтад оролцож буй иргэд өөрсдийн
хувийн бэлтгэлээ сайтар ханган оролцож байна. Мөн Төрийн албаны салбар
зөвлөлөөс нэг удаагийн амны хаалт, гар ариутгалын бодис зэргийг бэлтгэсэн. Мөн шалгалт
өгөхөөр ирсэн иргэдийн халууныг үзэж шалган оруулж байна. Шалгалт нийтдээ цаг
50 минут үргэлжилж байгаа. Нэг цагтаа ерөнхий шалгалтаа, үлдсэн 30 минутад
Монгол хэл бичгийн чадварын, үлдсэн 20 минутад дүн шинжилгээ хийх чадвараар шалгуулж байна. Бид шалгалтыг нээлттэй байлгах үүднээс
хөндлөнгийн хяналт буюу ажиглагчийг суулгасан. Энд төрийн бус байгууллагын
болон иргэдийн төлөөллийг оролцуулж байгаа. Эдгээр хүмүүст шалгалт болохоос
долоо хоногийн өмнө урилга илгээн оролцуулж байна. Түүнчлэн шалгалтыг авч
байгаа, мөн шалгалтад орж байгаа хүмүүсийг харах, олон нийтэд мэдээлэх
зорилгоор гадна, дотно камержуулалтыг байрлуулж, дэлгэцээр үзүүлж байгаа. Мөн шалгалтад орох ээлж бүрийг тусгай хүлээлгийн танхимд байрлуулахаар бэлтгэн ариутгал,
халдваргүйтгэл хийсэн. Оролцогчид шалгалтын өмнө бэлтгэлээ базаах, номоо унших
зориулалттай танхим бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар техник хэрэгсэл саатсан зүйлгүй, шалгалт хэвийн явж дууслаа” хэмээн ярилаа.