Б.Оюунсайхан: Хоёр настай хүүхдүүдийн 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлсэн ч коронавирусний нөхцөл байдлын улмаас хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахыг хойшлуулаад байсан ч есдүгээр сарын 21-нээс эхлэн хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулж эхэлсэн. Ийнхүү Төв аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүрэлцээ хэр байгаа болон хүүхдүүд цэцэрлэгтээ хамрагдаж чадаж байгаа талаар аймгийн БСУГ-ын газрын СӨБ хариуцсан мэргэжилтэн Б.Оюунсайханаас тодрууллаа.
-Сайн байна уу? Төв аймгийн
хэмжээнд нийт төрийн болон төрийн бус өмчийн хэчнээн цэцэрлэг үйл ажиллагаа
явуулж байгаа талаар яриагаа эхэлье?
-Энэ өдрийн мэнд хүргэе. Манай аймгийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд
нийт төрийн болон төрийн бус өмчийн 48 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.
-Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хоёр настнууд цэцэрлэгт бүрэн хамрагдсан уу?
-Аймгийн хэмжээнд хоёр настай 2167 хүүхэд байгаа. Үүнээс 1114 хүүхдийг
цэцэрлэгт хамруулсан бол хувилбарт сургалтаар 383 хүүхэд нийтдээ 1497 хоёр настай
хүүхэд хамрагдаж одоогоор 70 гаруй хувьтай байна. Үүнийг
хангалттай түвшинд хамруулж чадсан гэж үзэж байгаа. Учир нь аймгийн БСУГ-аас цэцэрлэгт хамрагдах нийт хоёр настай хүүхдүүдээ бүрэн хамруулах боломжтой байсан ч коронавирусний нөхцөл байдлын улмаас энэ жил дөнгөж
цэцэрлэгт явж эхэлж байгаа хоёр настай хүүхдүүдээ эцэг эхчүүд өөрсдөө өргөдөл
гаргаад энэ хичээлийн жилдээ хамруулахгүй гэрээр харах хүсэлтэй илэрхийлсэн
иргэд цөөнгүй байсан.
-Нэг бүлэгт хичнээн хүүхэд суралцаж
байгаа вэ?
-Засгийн газраас гаргасан
шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхтэй
холбоотойгоор БШУ-ны сайдын тушаал гарч цэцэрлэгүүдэд хүргүүлсэн байгаа. Энэ хүрээнд нэг бүлэгт байх хүүхдийн тоо, ээлж, хүүхэд
хоорондын зай гэх мэт зүйлүүдийг хэвийн горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор аймгийн боловсролын
газраас цэцэрлэгийн удирдлагуудад тушаал болон чиглэл, зөвлөмжүүдийг
хүргүүлээд ажиллаж байна. Манай аймгийн хувьд хоёр
настай хүүхдүүд нэг бүлэгт 27,3 хувьтай байгаа.
-Хүүхэд харах үйлчилгээний хэчнээн төв
байгаа вэ? Төвүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн үү?
-Аймгийн хэмжээнд дөрвөн хүүхэд харах үйлчилгээний төв үйл ажиллагаагаа
явуулж байна. Тус төвүүдэд явах хүүхдүүдийн тоо одоогоор эцсийн дүнгээр гараагүй байна.
Хүүхэд харах үйлчилгээний төвд нийтдээ 76 хүүхэд хамруулах ёстой. Үүнээс урьдчилсан
байдлаар 25 орчим нь хоёр настай хүүхэд байх болов уу гэсэн
тооцоотой байна.
-Сумдын цэцэрлэгийн хүрэлцээ хангамж
хэр вэ?
-Манай аймгийн 27 суманд цэцэрлэгийн хүрэлцээ хангамж сайн. Харин
цэцэрлэгийн байрны хувьд Угтаалцайдам суманд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн
барилгыг шинэчлэх шаардлагатай тул энэ жил гэр цэцэрлэгийн хэлбэрт шилжсэн. Тиймээс
2021 онд улсын төсвөөр шинэ цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн байгаа. Бусад сумдын
цэцэрлэгт байрны хүрэлцээ болон мэргэжлийн боловсон хүчинд ямар нэгэн асуудал
бэрхшээл байхгүй. Хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
-Алслагдсан багт амьдардаг малчдын
хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах нөхцөл хэр байдаг вэ?
-Алслагдсан багт хөдөөгийн малчин өрхийн хүүхэд олон байдаг. Тиймээс
хүүхдүүдээ хувилбарт сургалтаа ашиглаж сургуулийн өмнөх боловсролыг бүрэн
эзэмшүүлэх зорилттой ажиллаж байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд 4-5 настай хүүхдүүдийг
цэцэрлэгийн ердийн бүлэгт 100 хувь хамруулах төлөвлөгөөтэй байснаас өнөөдрийн байдлаар 96 хувьтай хамруулсан
байна. Харин ирэх жилийн зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд зуны
нүүдлийн гэр цэцэрлэг ажиллуулах төлөвлөгөөтэй. Үүндээ 2-3 настай хүүхдүүдийг
түлхүү хамруулна. Манай аймгийн зарим сумын алслагдсан багуудад цэцэрлэгүүд
бий. Аль болох тэр багуудад зориулалтын стандартын шаардлага хангасан
цэцэрлэгтэй байх зорилт төлөвлөгөөтэй ажилладаг. Тухайлбал Батсүмбэр сумын хувьд
зургаан багтай. Зургаан багын алслагдсан багуудад цэцэрлэгтэй. Мөн Баянцогт
сум, Баянхангай сумын багууд бий.
-Ярилцсанд баярлалаа.