Зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүнийг боомтоор оруулж ирэх нь зүйтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хилийн аймгийн онцлогтой уялдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой
комиссоос шуурхай хуралдааныг удаа дараа зарлан хуралдсаар байгаа. Энэ сарын 5-ны өдөр хуралдсан ээлжит хуралдааны гол сэдэв Алтанбулаг
боомтын асуудал байв. Хуралдааны үеэр Алтанбулаг Олон улсын автозамын шалган нэвтрүүлэх боомт
дээр 40 гаруй машин хонож байгаа асуудал хөндөгдлөө.
Тус хуралдаанаар улсын хилээр орж ирж байгаа дээрх олон улсын ачаа тээврийн
жолооч нар болон бараа материалыг хэрхэн яаж халдвар
хамгааллын дэглэмийн дор эх орондоо оруулах вэ? Ингэж оруулсаар байх нь зөв
юмуу? Буруу юу? Цаашид хэрхэн яаж ажиллах вэ? Хилийн энэхүү боомттой зэрэгцэн хил
дээр ажиллаж, амьдарч байгаа 5000 гаруй хүн амтай Алтанбулаг сумын иргэдийн
эрсдэлийг хэрхэх вэ гэдэг асуудлаар мэргэжлийн байгууллагууд байр суурь,
саналаа илэрхийллээ.
Сэлэнгэ аймаг, тэр дундаа Алтанбулаг боомт, Алтанбулаг сум хамгийн эрсдэлтэй бүс нутаг болоод байгаа нь өнөөгийн бодит байдал. Алтанбулаг сумаас хэдхэн метрийн зайд байрлах зэргэлдээ ОХУ-ын Хиагтын мужид байдал ямар байгааг мэргэжлийн байгууллагаас тогтмол мэдээлж байгаа. Энэ эрсдэлтэй бүс нутгаар дамжин орж ирж буй олон улсын ачаа тээврийн жолооч нартай хил, гааль, хяналт шалгалтын алба хаагчид өдөр тутам нүүр тулан ажиллаж байна. Тодруулбал хил нэвтрэн орж ирсэн жолооч нараас зөвхөн сүүлийн зургаа хоногт зургаан хүнээс короновирусний халдвар илэрсэн нь эрсдэлт байдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил: “Манай
багийнхны, бид бүхний хамгийн эхэнд тавьж бүхий л хүчээ гарган ажиллаж байгаа
ажил бол коронавирусийг эх орондоо
оруулахгүй байх. Бүх ажлын түрүүнд энэ чиглэлийн ажлыг тавьж ажиллаж байгааг
манай ард иргэд ойлгох хэрэгтэй. Бид энд ажиллаж байгаа алба хаагчдаа, ард
иргэдээ
нэгдүгээрт тавина. Авто замын
Алтанбулаг, төмөр замын Сүхбаатар гэсэн хоёр боомт дээр манай алба хаагчид энэ хүнд цаг хугацаанд ажиллаж
байна. Бидний зүгээс Алтанбулаг боомтоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг
эрэмбэлж, зайлшгүй хэрэгцээт байдлаар нь ангилах хэрэгтэй гэж үзэж байна. Сүүлийн 7 өдрийн ачааны машины тээвэрлэлтийг
харахад дийлэнх нь өндөг, ундаа, хатаасан жимс байна. Ийм бараа бүтээгдэхүүн их
орж ирж байна. Иймээс
аймгийн Онцгой комиссын зүгээс гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар оруулах
саналтай байна. Бүр зайлшгүй хүнсний улаан буудай ч юмуу эрүүл мэндийн
хэрэгцээт бүтээгдэхүүнийг Алтанбулаг боомтоор оруулж ирэх хэрэгтэй. Ер нь манай
боомтын бодит нөхцөл байдалтай шат шатны мэргэжлийн байгууллагынхан газар дээр
нь ирж танилцан бодитой шийдвэр гаргах хэрэгтэй байна” гэв.