“Нэг сум-Нэг бүтээгдэхүүн-2020” үзэсгэлэнд 150 гаруй төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-05 20:19:32

Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нэг сум нэг бүтээгдэхүүн -2020 үзэсгэлэн худалдаа Зуунмод сумын “Солонго цогцолборт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм.

Үзэсгэлэн худалдааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч бөгөөд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хорооны дарга Ч.Сарангэрэл, ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, үйлчилгээний албаны дарга Н.Мөнхсайхан болон үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд оролцлоо. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 24 сумын үйлдвэрлэл 180 баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчдийн 150 гаруй төрлийн онцлох бүтээгдэхүүн худалдаалж байна.

Уг үзэсгэлэнгээр аймгийнхаа хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг ханган жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, худалдан борлуулах зорилготой аж.

Ийнхүү үзэсгэлэн худалдаанаас нутгийн иргэдийн хөдөлмөр зүтгэлээр бүтсэн мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэмүү өртөггүйгээр, үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авалт хийх боломжтойг албаныхан онцолж байв.

 

 

 

相关新闻