Шүүхийн шийдвэрээр 18 шүүгч сахилгын шийтгэл хүлээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-05 11:24:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо.


Энэ үеэр Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүгчийн ёс зүйн сахилгын хороог байгуулах, шүүгчийн ёс зүйн гомдолтой холбоотой тоон мэдээллийг танилцуулсан юм.


Хэлэлцүүлгийн үеэр хуульч, судлаач нар илтгэл танилцуулсан бөгөөд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Т.Мөнх-Эрдэнэ “Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдал” итгэл танилцуулахдаа “Олон улсын зургаан чухал баримт бичиг бий. Энд Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн хоёр зөвлөмж, Кивийн зөвлөмж, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас энэ оны гуравдугаар сард хийсэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд дүгнэлт хийсэн зөвлөмж багтаж байна. Эдгээр зөвлөмжид дурдсанаар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын оролцоог аль болохоор бага байлгах ёстой гэж зөвлөсөн байдаг. Мөн шүүгчдийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах болон сахилгын шийтгэл оногдуулах тусдаа процесс байх ёстой гэж зөвлөсөн. Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд энэхүү хоёр зөвлөмж тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын оролцоог өндөр байхаар хуульчилсан байгаа нь олон улсын зарчимд нийцэхгүй байна” хэмээлээ.


Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн шүүгч нартай холбоотой гомдлуудын талаар танилцууллаа. 2019 онд гомдлын тоо 194 болж, 39 буюу 20 хувь, гомдолд дурдагдсан шүүгчийн тоо 62 буюу 22 хувь өссөн байна.

Харин энэ онд 205 шүүгчид холбогдох 126 гомдол хүлээн авсан нь гомдлын тоо буурах хандлагатай байгааг харуулжээ.

Шүүхийн ёс зүйн хороо нь 2015 оноос энэ оны 10 дугаар сарын 22-ны байдлаар давхардсан тоогоор 1943 шүүгчид холбогдох 1303 гомдол хүлээн авснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулахаас 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ.

Энэ хугацаанд 18 шүүгч шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байна. Тодруулбал, есөн шүүгчид сануулах арга хэмжээ, долоон шүүгчид цалин бууруулах, хоёр шүүгчийг огцруулах сахилгын шийтгэл хүлээлгэжээ.

 

相关新闻