Хос хэлний сургалтын асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-04 16:55:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. «Монгол Улсын үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний сургалтын өнөөгийн байдал, чиг хандлага» сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хурал энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод МУИС-ийн номын санд болно.

Хос хэлний сургалтын талаарх судалгаа, шинжилгээг өргөжүүлэх, Монгол Улсын үндэстний цөөнхийн хос хэлний сургалтын бодлого, чиг хандлагыг судалгааны үндсэн дээр тодорхойлоход хувь нэмэр оруулах зорилготой уг эрдэм шинжилгээний хурлыг БШУЯ-ны Бага, дунд боловсролын газар, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, «Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл» зэрэг байгууллага хамтран зохион байгуулна.

Мөн Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Ховд Их сургуулийн Баян-Өлгий салбар сургууль хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.

Анхны эрдэм шинжилгээний хурлаар эрдэмтэн, судлаач, багш нар Монгол Улсын үндэстний цөөнхийн хос хэлний боловсролын харилцааг зохицуулж буй бодлого, эрх зүйн орчин, хос хэлний сургалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хос хэлээр боловсрол олгох олон улсын сайн туршлага, хос хэлний сургалтад орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглах нь сэдвийн хүрээнд 15 илтгэл тавьж, хэлэлцүүлэх ажээ.


相关新闻