Улсын аваргын тэмцээнд Сэлэнгэ аймгийн шатарчид тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн нийт 800 гаруй
шилдэг тамирчин оролцсон
Өсвөрийн шатарчдын тэмцээнээс Сэлэнгэ
аймгийн тамирчид
тэргүүлж аваргын алтан
медаль хүртсэн байна.
Улсын аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн өнгөрсөн 10-р сарын 28-наас 11-р сарын 01-ний хооронд Улаанбаатар хотноо “Монген” цогцолбор сургууль дээр болжээ. Эл тэмцээнээс Сэлэнгийн өсвөрийн шатарчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийг тус тус хүртсэн байна. Тодруулбал Сүхбаатар сумын улсын тэргүүний 4-р сургуулийн сурагч, “Таван хан” шатрын клубын тамирчин, Олон улсын дэд мастер Б.Амин-Эрдэнэ алтан медаль, Сүхбаатар сумын улсын тэргүүний 2-р сургуулийн сурагч, “Таван хан” шатрын клубын тамирчин ОУ-ын дэд мастер Д.Цэлмүүн мөнгөн медаль, мөн Х.Өлзийхишиг мөнгөн медаль, Зүүнхараа “Босоо ноён” шатрын клубын тамирчин Г.Чулуунбаатар хүрэл медалийн эзэд болжээ.
Тамирчид 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны
гэсэн охид, хөвгүүдийн 14 ангилалд есөн
өргийн швейцар системээр өрсөлдсөн аж. Уг тэмцээн нь өсвөрийн шатарчдын нэр
хүндтэй хамгийн том тэмцээн бөгөөд
удаан хугацааны хорио цээрийн дэглэмийн дараа зохион байгуулж буй юм. Энэ жилийн
хувьд нэрт дасгалжуулагч Ш.Пүрэвжав багшийн нэрэмжит болон зохион байгуулжээ. Мөн түүний шавь нарын нэг УИХ-ын
гишүүн, шатрын спортын дэд мастер Ц.Анандбазар ивээн тэтгэж, ирэх жилүүдэд уламжлал болгон дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Мөн шатрын түүхэнд өсвөрийн
шатарчдын тэмцээний хувьд анх удаа хамгийн өндөр буюу 18.800.000
төгрөгийн шагналын сантай явуулсан
байна. Мөн орон нутгийн салбар зөвлөлүүд болон эцэг, эхчүүдийн зөвлөлийн
оролцоо сайтай, олон улсын стандартад нийцсэн зохион байгуулалттай болжээ. Түүнчлэн хамгийн олон тооны
бүрэлдэхүүнтэй зохион байгуулагч, шүүгчдийн багийг хамарсан гээд олон онцлог давуу талуудтай болсон байна.