Гал түймэр унтраах тактикийн нэгдсэн сургууль хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой
байдлын газраас гал түймэр унтраах тактикийн нэгдсэн сургуулийг
2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах АДБ-ийн “Сэлэнгийн Долгио” чуулгын байранд зохион
байгуулжээ.
Хоёр цагийн багтаамжтай, гурван үетэйгээр явуулсан эл үйл ажиллагаанд нийт таван байгууллагын 200 гаруй ажилтан, алба хаагч, 15 техник хэрэгсэлтэйгээр оролцсон аж. Тус сургуулийн үеэр АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд тоглолт үзэж байсан 350 хүүхдийг гал түймрийн голомтоос аюулгүйн цэгт нүүлгэн шилжүүлж, анхны тусламж үзүүлсэн байна. Мөн гал түймэр унтраах, аврах 36, 19, 40, 61 дүгээр анги, Эрэн хайх, аврах анги, салбарын алба хаагчид хүндрүүлсэн нөхцөлд гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагааг явуулжээ. Түүнчлэн дээрх ангиудын бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлж, харилцан хамтын ажиллагааг дээшлүүлэн ажилласан аж.
Энэхүү гал түймэр унтраах тактикийн нэгдсэн сургуулийг аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн “Гал унтраах тактикийн дадлага сургууль зохион байгуулах тухай” А/302 дугаар захирамжийн хүрээнд зохион байгуулсан гэв. Ингэхдээ хүн ам олноор цуглардаг үзвэр үйлчилгээний барилгад болзошгүй аюул осол гарсан үед гал түймрийг унтраах, нэрвэгдэгчдийг эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах арга тактик, дадлага олгох. Цаашлаад алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, гал унтраах хүч хэрэгслийг үнэлэх, харилцан ажиллагааг сайжруулах. Мөн байгууллагын ажилтан, алба хаагчдыг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд сургах, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах зорилгоор зохион байгуулжээ.
















