Төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим үйлчилгээг нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоол, 2020 оны 90 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд E-Mongolia буюу төрийн үйлчилгээний цахим системийг анх удаа Төв аймагт нэвтрүүлэхээр сургалт явуулж байна.
Ийнхүү Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа, холбоо мэдээлэл технологийн газраас аймгийн ЗДТГ-ын хэлтэс, харьяа агентлагуудын удирдлагууд, албан хаагчдад сургалт зохион байгуулж эхэллээ.
2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр улс орон даяар нээлтээ хийсэн уг цахим үйлчилгээг хэрэгцээнд нэвтрүүлснээр иргэд төрийн 30 байгууллагын 181 төрлийн үйлчилгээг гэрээсээ болон ажлаасаа гар утсаа ашиглан хүлээн авах боломж бүрдэж байгаа аж.
Энэ онд 181 төрлийн үйлчилгээг нэвтрүүлж, харин ирэх оноос төрийн байгууллагын 492 төрлийн үйлчилгээг хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ гэдгийг албаныхан онцоллоо.